Шүүхээс зөрчилд холбогдогч Э.Одбаярын гаргасан гомдлыг хүлээн авч, түүнд оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх мэргэжил арга зүйн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас зөрчил холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “…Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих…” зөрчил үйлдсэн гэж 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр №6506, №6507 дугаартай шийтгэлийн хуудсуудаар тус тус 100 /нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Шүүх зөрчилд холбогдогч Э.Одбаярын гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад зөрчилд холбогдогч Э.Одбаярыг “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1 дэх заалтад заасан үүргийг” зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ.
Учир нь уг хуулийн Дөрөвдүгээр бүлэгт “…гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын бүрэн эрх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцогчийн эрх үүргийг” тодорхойлсон байх тул уг заалт нь иргэн Э.Одбаярын хуулиар хүлээсэн үүрэгт хамааралгүй гэж үзсэн байна.
Иймд зөрчилд холбогдогч Э.Одбаярт Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар