Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын Нийтлэг үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм байна.
Уг журмыг гурван удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулжээ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Нийтлэг үйлчилгээний журмыг нийслэл өөрөө баталж, дагаж мөрдөх боломж бүрдсэн. Журмын шинэчлэлийг ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Шинэчлэн боловсруулж буй Нийтлэг үйлчилгээний журамд хэд хэдэн шинэлэг зүйлсийг тусгаж байгаа бөгөөд “Ая тухтай дэлгүүр” гэсэн шинэ төрөл, шинэ нэр томьёог журамд оруулж байгаа гэнэ. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ манайд нэвтрээгүй байсан бол шинээр бий болсон CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг ая тухтай дэлгүүрт багтааж байгаа аж. Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтыг оруулах юм байна.
Нийтлэг үйлчилгээний журмыг урьд өмнө мөрдөж буй болон шинэчлэгдэн батлагдсан стандартуудтай уялдуулан боловсруулж байгаа бөгөөд иргэдээс санал авч байгаа тул иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад, саналаа өгөх боломжтой юм байна.