Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.
“Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй монгол түмэн тайван сайхан наадлаа. Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгчээ. Халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурсан гэнэ. Мөн хүүхэд төөрөх тохиолдол өнгөрсөн онуудаас дөрөв дахин буурсан бөгөөд эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сайжирчээ.
Цагдаагийн албан хаагчид иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Туул голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж зэрэг газруудад явган, морьт, нохойт, дугуйт , машинт эргүүлийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хамтран ажилласан иргэд болон үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ