Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсан иргэнийг илрүүлэн, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
БОАЖ-ын сайдын тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон. Хэрэв ховордсон ан амьтныг агнасан тохиолдолд нэг ширхэг эр тарвагыг 170.000 төгрөг, эм тарвагыг 200.000 төгрөгөөр торгох бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хоёр дахин нугалж төлүүлэхээр заасан байдаг.