Б.Мичидмаа
Арванхоёр, нэгдүгээр сар бол манай улсын хувьд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн ид үе байдаг. Гэвч сүүлийн хоёр жил энэ өвчин коронавирусын халдварт дарагдан, мартагдсан байгаа. Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний халдвар ямар хэмжээнд байгаа талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон дээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгснийг хүргэж байна.
Ц.Эрдэмбилэг: Бид бүхэн томуу томуут бус өвчний дэгдэлтийн талаар сэргийлэх чиглэл дээр халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтраад “Томуу томуу төст өвчлөлийн үндэсний симпоузимуудыг зохион байгуулсан. Үүнд эрүүл мэндийн байгууллагууд, халдварт өвчин судлалын үндэсний төвүүд, ажлын хэсгүүд бүгдээрээ оролцон цаашид халдварт өвчнөөс хэрхэн яаж сэргийлэх үү. Өмнөх онуудаас үзүүлэлтүүд нь ахисан байна уу зэрэг дээр ярилцаж шийдлийг боловсруулсан.
Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх үүднээс 2020 онд 310 мянган тун томуугийн эсрэг вакциныг худалдан авсан. Вакцинжуулалтыг аравдугаар сард бүрэн гүйцэт зохион байгуулсан. Энэ бол бас нэг урьдчилан сэргийлэх том ажил юм. Томуу томуу төст өвчлөлийн эмнэл зүйн хэлбэр, хүнд хөнгөний явц, эмчилгээ зэрэг ковидоос ялгаагүй байдаг. Адилхан вирусын гаралтай амьсгалын замын эмгэг. Ковидын тусламж үйлчилгээтэй холбоотойгоор манай салбарынхан бүрэн бэлэн байдлаа хангачихсан томуугийн дэгдэлт гарах тохиолдолд эмнэлэгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэйгээр үзүүлнэ.