Энэ сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлсэн талаар ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. Зуны түлштэй, асахгүй удсан тээврийн хэрэгслийг асаах, эхний ээлжид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудыг “0” цэгт тээвэрлэж хүргэх, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ойрын хугацаанд бүрдүүлж дуусган Монголын талд шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Бид энэ талаар Хилийн 108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргалаас тодрууллаа. Тэрээр “Өчигдөр хоёр улсын хилийн шугам дээр хятадын талаас 99 автомашин байршуулсан. Тэдгээрийн 60 гаруй нь ачааны автомашин бол 30 орчим нь импортын буюу суудлын автомашин байсан. Манай талаас өглөөний 08.00 цагаас эхлээд татан авалт хийж эхэлсэн. Нийт 130 орчим автомашин орж ирэх ёстойгоос одоогийн байдлаар 99 нь ирээд байна. Өнөөдөр хэчнээн машин хилийн цэг дээр ирэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ойрын хугацаанд автомашинаа татаж авахаар ажиллаж байна. Чингэлэг тээвэр хэзээнээс эхлэх асуудлыг дээд түвшинд ярилцаж шийдэх байх. Бидэнд одоогоор албан ёсны мэдээлэл алга” гэлээ.