Монголын циркийн урлагийн гайхамшгийг орчин үеийн тайзны урлагтай хослуулсан “Nomade” шоу тоглолт Бүгд найрамдах Франц Улсад хоёр дахь удаагаа амжилттай тоглолоо. Энэхүү тоглолтыг Монголын орчин үеийн циркийн “Angels” байгууллагын захирал, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Оргилболд дэлхийд алдартай Францын “Cirque Phénix”-тэй хамтран найруулсан байна. Цар тахлын дараагаар соёл урлагийн арга хэмжээ сэргэж эхлэхэд “Cirque Phénix” -ийн удирдлагаас “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олонд дахин санал тавьснаар энэ сарын 11-21-ний өдрүүдэд Парисаас холгүй орших “Dammarie Les Lys” хот, мөн Францын баруун хойд нутагт байрлах Rennes хотод “Nomade” тоглолтоо амжилттай тоглоод өндөрлөж байна.
Монголын нүүдлийн ахуй соёл, зан заншил, өв уламжлалыг шингээсэн баялаг хөтөлбөртэй энэхүү тоглолтын уран сайхны удирдаачаар гавьяат жүжигчин, Монголын уран нугаралтын холбооны тэргүүн Л.Энхцэцэг ажиллаж, Хаан банкны дэргэдэх “Angels Mongolian Modern Circus & Theatre” цирк, “Ulaanbaatar Circus Mongolia” циркийн жүжигчид, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын тэргүүлдэг Монголын бий биелгээний холбооны бүжигчид, уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Оюунжаргал, морин хуурч, хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан Д.Шинэцог Монголын мастер тогоочдын холбооны мастер тогооч Н.Өлзийсайхан нарын 40 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон хамтран ажиллаж, акробат, уран нугаралт, хүндийн өргөлт, хошин үзүүлбэр гэх мэт циркийн үндсэн элементүүдээс гадна ардын язгуур урлаг, монгол бүжиг, морин хуур, уртын дуу зэрэг үндэсний соёл урлагийн үзүүлбэрүүдээ толилуулав.