Улсын дээд шүүх өчигдрийн нийт шүүгчийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Учир нь 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг чөлөөлөх шаардлага үүссэн учраас түүний оронд хэнийг томилохоо хэлэлцэж байгаа аж.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа нь дуусах болоогүй ч 65 хүрч тэтгэвэрт гарах цаг нь болжээ. Тиймээс Улсын дээд шүүх энэ сарын 8-15-ны хооронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Энэ хугацаанд Э.Батбаяр, В.Оюумаа нарын хоёр нэр дэвшигч материалаа ирүүлсэн ч хэн нь ч Дээд шүүхийн нийт шүүгчийн олонхын саналыг авч чадаагүй байна. Тиймээс Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтжээ.