Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг өчигдөр дотоодын дөрөв, гадаадын нэг эрдэмтэнд тус тус олголоо. Тодруулбал, академич Ц.Оюунсүрэн, МУБИС-ийн математик, байгалийн ухааны сургуулийн багш, доктор Х.Мөнхбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ШУА-ийн ахмадын холбооны тэргүүн Ш.Чунаг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич В.Н.Пармон нар тус шагналыг хүртсэн юм.
“Хубилай хаан” алтан медалийг Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгодог бөгөөд ШУА-иас жилд дотоодын хоёр хүртэлх, гадаадын хоёр хүртэлх иргэнд олгох журамтай байдаг.
Гэсэн хэдий ч тус шагналыг сүүлийн таван жилд огт олгоогүй бөгөөд өнөө жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100 жил, ШУА байгуулагдсны 60 жилийн ойн хүрээнд 10 хүнд олгож байгаа юм байна. Өнгөрсөн долдугаар сард Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л. Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олгосон юм.