Монголын шүүхийн ахмадуудын холбооны ээлжит II их хурал өчигдөр болж тэргүүнээр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг олонхын саналаар сонгожээ.
Монгол Улсын гавьяат хуульч, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат хуульч Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Гансүх, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дамдин-Од, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Хажидмаа, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо нар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болсон байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг төлөөлөн гишүүн А.Насандэлгэр хэлсэн үгэндээ “Амьдралынхаа цаг мөч бүрийг хүний эрх, шударга ёсны төлөө зориулж, мэдлэг боловсрол, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээрээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхний зүтгэлийг Монголын төр түүний дотор Шүүхийн ерөнхий зөвлөл хүндэтгэж байгааг хүлээн авна уу. Шүүхийн ахмадуудын холбоо нь 2018 онд үүсгэн байгуулагдаж ТББ-ын статустайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газрын чиг үүрэгтэй ажлаа уялдуулан төв орон нутгийн 30 гаруй салбар зөвлөл, 360 гаруй гишүүддээ үйлчлэн ажиллажээ.
Ахмадуудынхаа үүсгэл санаачилгаар байгуулагдсан энэхүү ТББ-ыг дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар тогтоолоор “Шүүхийн ахмадын сан” байгуулж ажиллах журмыг батлан мөрдүүлж байна.
Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Шүүхийн ахмадын холбооны тэргүүний хамтран баталсан 2018 оны “Хамтран ажиллах тухай” гэрээгээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ахмад шүүгч, ажилтны оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэх, сургалт зохион байгуулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийн хугацаандаа шүүхийн үйлчилгээг шинэчлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулж ажиллахын зэрэгцээ ахмадууд та бүхний нийгмийн асуудал, ТББ-ын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус холбоо нь төв болон орон нутгийн шүүх дэх ахмадын 30 салбар зөвлөл, 369 ахмад гишүүнийг хамруулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг аж.
1 comment
Энэ хүн их муу хүн болой