Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 мянган төгрөг олгосон. Иргэн бүрд олгосон уг дэмжлэг болон вакцины бүрэн тунд хамрагдсаны урамшуулал 50 мянган төгрөг аваагүй иргэдийг www.ebarimt.mn/300 цахим хуудсанд бүртгүүлэхийг уриалжээ.
Дэмжлэг, урамшууллаа аваагүй иргэн Та 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргахыг Сангийн яамнаас санууллаа.
“Оюу Толгой” ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг 3,373,025 иргэндээ олгож байгааг Сангийн сайд мэдээлж байв.
Иргэн бүрд 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.
Эх сурвалж: Сангийн яам