УИХ дахь Монгол ардын намын бүлгийн ээлжит хуралдаан болж гурван асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн бүлгийн хурлаар “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”, түүнийг дагалдах хуулиудын талаар хэлэлцлээ. Мөн цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүний дараа төрийн үйлчилгээний алба хаагчдыг гэрээгээр ажиллуулахтай холбоотой асуудлаар 11 дүгээр сард Төсвийн тухай хуультай холбогдуулж шийдвэр гаргасан. Эдгээр асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. МАН-ын 30 дахь удаагийн Их хурал хуралдсан. Энэ хурлаар “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлсэн. Уг шийдвэрийг төрийн бодлого болгож хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд өнөөдөр “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын дунд хугацааны хөтөлбөр, түүнийг дагасан 20 орчим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Энэ асуудал лхагва гарагт Засгийн газрын хурлаар орно. Өмнө бид энэ асуудлыг хоёр ч удаа хэлэлцэх байсан. Ингэхдээ дунд хугацааны хөтөлбөр байх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд нийт 47 хуулийг шийдэх юм. Эхний ээлжийн 20 орчим хуулийг Засгийн газар бэлтгээд Их хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. Засгийн газрын газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд Их хуралд өргөн мэдүүлж, намрын чуулганд багтааж дуусгах нь зөв гэж үзлээ.
Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцсэн. Өмнө нь тус хуулийг хоёр ч удаа сунгасан. Энэ хуулийг зургаан сарын хугацаагаа ахин сунгах нь зүйтэй юм гэж бүлэг шийдвэр гаргасан. Учир нь дэлхий нийтэд цар тахал үргэлжилсэн хэвээрээ байна. Мөн манай хил гааль хаагдчихсан байгаа учраас цаашид эдийн засагт хүндрэл учруулж болзошгүй. Тиймээс богино хугацаанд зохицуулалт хийх шаардлага үүсэж болзошгүй гэж харж байгаа юм. Энэ онд нь багтааж тус хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж, батална.
Гуравдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулахтай холбоотой асуудлаар УИХ-аас 11 дүгээр сард шийдэл гаргасан. Үүнийг аймаг, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчид эсэргүүцэж байгаа юм. Мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллага эсэргүүцэж байна. Гэрээгээр ажиллахаар болсон төрийн үйлчилгээний албан хаагчдын 2021 онд авч байгаа цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Ингэхгүй бол цалин багатай хүмүүсийн хувьд хүндрэл үүсэх нь. Энэ асуудлыг Засгийн газар энэ долоо хоногт хэлэлцэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгөхөөр боллоо” гэлээ.