Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхантай ярилцлаа.
-Энэ удаа би тантай эмнэлгийн тухай ярихгүй. Харин хүн яавал эрүүл байх, өвдөхгүй байх тухай ярилцах гэсэн юм.
–Болно л доо, би ч бас энэ тухай эм тариа, эрүүл мэндийн зөвлөгөө гэж онол гэхгүйгээр ярьж болох уу.
-Яаж хариулах нь таны л хэрэг. Хүмүүс аливаа нэгэн өвчин тусахаас сэргийлж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, витамин, кальци уудаг болж. Эдгээр нь урьдчилан сэргийлэх аргууд мөн үү?
-Сүүлийн үеийн байгаа олон тооны том судалгаагаар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх баталгаа болж чадахгүй гэсэн судалгаа гараад байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэлт витамин, кальци, төрөл бүрийн бэлдмэл уух нь бараг үр дүнгүй юм байна гэсэн судалгаа гарсан.
-Тэгвэл өөрөөр яаж өвчнөөс сэргийлэх вэ.?
-Эрүүл, өвдөхгүй байж, эрүүл, чийрэг биетэй, саруул ухаантай, залуу сайхан байдлаа удаан хугацаанд хадгалах тухай үеийн үед хүмүүс хүсч ирсэн. Чингис хаан хүртэл Чанчимбумыг дуудаж яавал урт удаан амьдрах вэ гэж хамгийн түрүүнд асуусан гэдэг. Дараа нь, яаж улс орноо удирдах вэ, энэ том гүүрний олон арван зуун овог, аймгийн хүмүүсийг яаж аз жаргалтай байлгах вэ гэж асууж байсан гэдэг. Үеийн үед л хүмүүс эрүүл байж урт удаан наслах талаар бодож ирсэн. Ер нь өвчингүй, өвдөхгүй байх их амархан. Хамгийн түрүүнд, сэтгэл тайван байх ёстой. Амгалан байх ёстой. Хүн бол 70 кг мах биш шүү дээ. Хүний сэтгэл нь, хүний мөн чанар нь чухал. Европын анагаах ухаанд сэтгэлийн тухай шинжлэл байдаггүй. Сэтгэцийн тухай бол байдаг. Сэтгэл, сэтгэц хоёр бол өөр ойлголт л доо.
-Таныхаар сэтгэл амар амгалан, тайван байна гэдгийг юу гэж ойлгох вэ. Уур уцааргүй л бай гэсэн үг үү?
-Би шинжлэх ухааны, шашны олон янзын ном уншсан, үзсэн. Тэгээд сэтгэлийн тухай тогтсон, төвлөрсөн гүн, гүнзгий нэвтэрсэн нэг л шинжлэх ухаан байдаг юм байна гэж ойлгосон. Тэр нь буддын сургааль. Буддын сургааль бол зөвхөн сэтгэлийн тухай шинжлэх ухаан. Сэтгэлээ шинжилж, тэрийгээ тогтоож, хэрхэн амгалан байлгах вэ. Сэтгэл амгалан байвал амьдрал жаргалтай байна. Тэгэхээр сэтгэлийн тухайд монголчууд нэг талаасаа азтай. Дэлхийн 200 гаруй улс дотор, хэдэн мянган үндэстэн угсаатай дотор сэтгэлийн тухай бүрэн төгс онол шинжлэх ухааныг бүх ном сургааль уламжлал, багштай нь авч үлдсэн хуруу дарам цөөн хэдэн улсын нэг. Тэдний сонгодог төлөөлөл нь монголчууд бид. Номт гурван улс ч гэж нэрлэдэг. Анагаах судлах шинжлэх ном арга нь ч Монголд байдаг. Хамгийн түрүүнд би сэтгэлийг ярьж байна. Бие бол амархан. Учир нь хүний бие бол үхэр юм уу, нохойны биетэй адилхан. Үхэр, нохойтой адилхан 2.4 тэрбум жил хувьсан өөрчлөгдөж, байгалтай зохицож ирсэн. Тиймээс илүү идэхгүй, байгаль дээр байдаг зүйлээ идээд, байгаль дээр 2 тэрбум жилийн турш магадгүй өвөг дээдсийн сая жилийн турш идэж боловсруулж ирсэн. Боловсруулж сурсан эрхтэн элэг, гэдсэндээ зохицсон тэр хоолоо илүү идэхгүй, аль болох өлсч идэж, сайн хөдөлж, сайн унтвал дахиад амар амгалан байж чадах л юм бол хүн эрүүл байна. Залуу нас ч урт байна. Амьдрал уртасч, өвдөх нь бага байна.
-Жишээ нь, та ямар үед сэтгэл тайван байдаг вэ?
-Би ямар ч үед сэтгэл тайван байхыг оролддог болсон. Яг одоо тантай ярилцаж байхдаа ч гүнийн гүндээ тайван амгалан байна.
-Монголчуудыг хэр сэтгэл тайван амгалан амьдарч байна гэж боддог вэ. Миний ажиглаж байгаагаар нийгмийн олонхи нь их стресстэй, баргар царай байдаг. Мөн сүүлийн үед сөрөг утгатай, болохгүй бүтэхгүй, гэмт хэргийн тухай мэдээллийг хүргэж иргэдийг улам стресстүүлээд байна уу гэж харагддаг. Ер нь монголчуудын сэтгэл тайван байж чадаж байна уу?
-Жирийн эмч хүний нүдээр харахад, эрүүл саруул хүний нүдээр харахад ч гэсэн Монголын нийгэм, хүмүүсийн сэтгэхүй, нийгмийн сүлжээ мэдээллийн хэрэгслүүд, улстөрчдийг эрүүл байтугай өвчтэй ч гэж хэлэхэд хэцүү болж. Заримдаа өвчтэй гэдэг үг ч гоёдохоор болж. Галзуу солиотой юм шиг байна. Гэхдээ энэ нь хэн нэгний буруу биш. Аль нэгэн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний буруу биш. Энэ гурван сая хүний өөрсдийнх нь хохь. Нэг талаасаа шүү. Нөгөө талаас энэ үндэстэн өөрийнхөө уламжлалаас салаад 70 орчим жил болчихсон. Яагаад гэвэл хүний бөгөөд нийгмийн амьдралд хуулиар, номоор бичээд шүүхээр тогтоож болдог хэм хэмжээ гэж байна. Гэтэл тэр хэм хэмжээний талаарх хууль тогтоомжийг барагдуулах арга байхгүй. Жишээ нь, би таны тухай сайн муу зүйл бодсонд нь ямар нэгэн эрүүгийн юм уу, хөдөлмөрийн хуулиар зохицуулах арга байхгүй. Оюун ухаанд хүн хэзээ нийгмийн амьдрал орсныг бид мэдэхгүй. Тухайлбал, хүний тухай судлагдахуун 40 мянган жилийн түүх чинь болиод байгаа ш дээ. Сүүлийн олдвороор сая шахам жилийн түүх болгох гээд байгаа шүү дээ. Үеийн үед хүмүүс боддог л байсан юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, омгийн ахлагчийн гаргасан 10 тушаал байж болно шүү дээ. Библи судар дээр байдаг. Библийн Еврейн ард түмэнд хэлэх ёстой арван зарлиг гэдэг шиг аравхан зарлигт багтааж болохгүй. Тэгэхээр тэр юугаар зохицуулагдаж байсан юм гэхээр уламжлалаар. Эмээгээс аав ээжид, аав ээжээс үр хүүхдэд ирж байсан тэр уламжлал, өдөр тутмын өөрийн үлгэрлэл. Дээр нь хамгийн шилдэг сайн төгс төгөлдөр ямар сургаал байсан юм бэ гэдэг нь буддынх юм уу, лалынх, христийн аль нь вэ гэдгээс хамаарч байсан.
-Өнөөдөр тэр бүхэн алдагдаад, үгүй болоод байна уу?
-Сүүлийн 60-70 жилийн хугацаанд энэ бүхэн алга болсон. 2000 жилийн турш түүхтэй явж ирсэн монголчуудын буддын, бөөгийн христийн сургааль номлол үгүй болж оронд нь еврей хүний бичсэн Маркс, тэгээд Оросын нэг гүрж, Оросын халимаг цустай Ленин гэж хүний бичсэн, гурав дөрөвхөн хүний цоо шинээр санаасаа хийсвэрлэн бодож эхэлсэн ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг коммунист ёс суртахууны тухай сүүлийн үеийнхэн тэр бүр мэдэхгүй. Хүн болгон өв тэгш, ийм ийм байх ёстой, хувийн өмчгүй шуналгүй, гээд доошоо явсаар доод тал нь 20 бүжиг сурах ёстой гэж заасан байдаг. Тэр дунд зүйл олон бий. Яагаад гэвэл эдгээр номлолыг Германы хоёр Еврей, Оросын гүрж бүгдийг санаанаас зохиож чадахгүй. Хэчнээн санаасаа зохиосон ч гэсэн ихэнх нь христийн 2000 жилийн түүхтэй ёс суртахуун дээр юм уу, тэр нийгмийн сайн уламжлалууддаа авч үлдсэн байгаа дээр хийсвэрлэсэн байгаа. Үүнийг 2000 жилийн буддын соёлтой, уламжлал сэтгэхгүйтэй талын нүүдэлчин ард түмэнд хүчээр тулгаж холион бантан болгосон, тэр нь хүчтэй социалист нийгмийн хүчтэй мэдээллийн бөгөөд хүчний аппаратуудын рааманд 1990 он хүртэл зангидагдаж явсан бол түүнээс хойшхи сүүлийн 25 жилд байхгүй болсон. Тэгэхээр вакум үүссэн. Өөөрөөр хэлбэл, сайн гэж юу юм, муу гэж юу юм, хулгай хийх сайн уу, муу юу, энэ бүгд байхгүй болоод холион бантан болсон. Бидний хүүхдүүдийн үед энэ холион бантан арай цэгцрэх ёстой. Ингэж цэгцэрч байж арай гайгүй болох байх л гэж бодож байна. Дахиж буддын ёс суртахуун бий болох юм уу, христийнх болох уу эсвэл цоо шинийг бий болгох юм уу, мэдэхгүй.
-Сэтгэл тайван бус байна аа гэдэг нь амар амгалан амьдрал байхгүй байна аа л гэсэн үг биз дээ?
-Ер нь хоёр талтай л даа. Асуулт асуухдаа ч мөн ялгаж асуухгүй бол болохгүй. Хувь хүний талаар ярьж байгаа нэг хэрэг. Лотус гэж цэцэг намаг балчиг өмхий дотор ном ногоон навч, түүндээ цагаан юм уу, ягаан гэрэл цацруулаад ургаж чаддаг ш дээ. Үүн шиг ямарч нийгмийн дунд, амьдралын дунд хувь хүн бол өөрөө сонгож, сураад дадаж чадах юм бол сэтгэлийн амар амгалан, түүгээрээ хувь хүний бөгөөд амьдралын амар амгаланг олж чадна. Гэхдээ хурдан, амар замаар биш. Үүний талаар сургууль ном бий. Харин нийгмээрээ сэтгэлийн амар амгаланг олох гэдэг өөр хэрэг. Нийгмээрээ олно гэвэл даваажингийн тухай алтан үеийн тухай, капитлизмын суурь онолууд, коммунизмын онол ч мөн адил нийгмээрээ жаргалтай байх тухай онолууд. Нийгмээрээ аз жаргалтай амьдрах тухай аль ч онол нь амьдрал дээр биелж чадаагүй байна. Монголын нийгэм гурван сая иргэнээс тогтож байна. Гурван сая хүний олонхи нь хувь хүнийхээ хувьд сэтгэлээ цэгцэлж, амар амгаланг олж, өөрийн мэдэх мэдэхгүй, муу муухай зүйлийн тухай, өөрийн ухамсар сэрэхүйгээрээ ярихаа болих цагт амар амгалан, аз жаргалтай амьдрал тогтох болов уу гэж боддог.
-Таны ярилцлагыг уншаад сууж байгаа хүмүүс сэтгэлээ тайван, амар амгалан байлгахад зөвлөгөө өгөөч гэвэл та юу зөвлөх вэ?
– Хэдийгээр би зөвлөгөө өгдөг ч гэсэн сэтгэлээ амар тайван байлгах гэдэг дээр зөвлөж чадахгүй, зөвлөх хэрэг ч байхгүй. Түрүүн хэлсэн сэтгэлийн тухай бүхэл бүтэн төгс төгөлдөр батлагдсан, нотлогдсон шинжлэх ухааныг гаргасан хүн байгаа. 2500 жилийн өмнө амьдарч байсан нэг залуу байгаа. Тэр хүн хамгийн энгийнээс эхлээд амьдралын туршдаа судлаад туршаад, нэвтрээд дадал болоод ирэхэд тийм амар биш тэр замыг заагаад өгчихсөн байгаа. Тарган хүн турахад тийм амар биш шүү дээ. Өвчтэй хүн эрүүл болох тийм амар зүйл биш. Үүнтэй л адил. Эвдрээд хямраад, Улаанчулуутын хогийн цэг шиг болсон сэтгэлээ цэгцэлж тогтоогоод амар амгалан болгох гэдэг удаан хугацааных. Сониуч зангаасаа болж би олон янзын шашны ном, судрыг уншиж байсан. Америкийн их сургуульд Библийг хоёр жилийн турш судалж төгсч байв. Коран судар ч надад байна. Бахайн тухай ном ч бий. Бөөгийн тухай чадлаараа унших гээд л судалж байна. Бат-Отгон гуайн номноос эхлээд бөөтэй хүртэл уулзаад явж байна. Би яагаад энэ бүхнийг хийгээд судлаад байна гэхээр нэгдүгээрт сониуч зан. Хоёрт, хувь хүнийхээ хувьд өөрийнхөө сэтгэлийг ойлгох цэгцлэх гэж явсан зам гэх үү дээ. Буддын номыг бага балчир наснаасаа уншиж ирсэн. Энэ дундаас үнэхээр сэтгэлийн тухай шинжлэх ухаан бол буддизм. Сэтгэлээ хэрхэн цэгцэлж, олж, тогтоож, амгалан, хүчтэй, эрх чөлөөтэй болгож чадах уу гэдэг тэр сургууль агуу. Би бол гэгээрсэн хүн биш. Ер нь гэгээрэл гэдэг бол гэрэл асааж кноп дардаг шиг пад гээд нэг өдөр духан дээр нь бөөрөнхий гэрэл гарчихдаг ч зүйл биш. Будда ч гэсэн өөрөө 35 жил сэтгэлийн амар амгаланг олж авах гэж оролдсон, зургаан жил таг хөдөлгөөнгүй шахам бясалгал хийж арайхийж л гайгүй болсон. Түүнээс хойш ч бас төгөлдөржиж л явсан. Эрүүл мэнд ч гэсэн адилхан ш дээ. Өвчтэй бие тэр даруй эдгэрдэггүй. Нэг эмч үзээд нэг бөөрөнхий юм аманд нь хийгээд цоо эрүүл болно гэсэн зүйл байхгүй. Байгал дээр тийм зүйл байдаггүй. Тиймээс л би сэтгэлийн амар амгаланг олох сургаалийг уншиж, судалж, дадах гэж оролдож байгаа. Миний энэ ярилцлагыг уншиж байгаа хүн бүхэн адилхан. Хүнд хамгийн түрүүнд сэтгэл л чухал. 70 юм уу 80 кг мах 20-30 жилийн дараа үхээд, үмхийрөөд шороонд дарагдаад л алга болно. Харин сэтгэл бол байна. Бид биеийн махандаа их анхаардаг шүү дээ. Гоё даашинз өмсч, гоё бөгж зүүж, зангиа зүүгээд, хөмсгөө будаад ухаантай царай гаргадаг шиг сэтгэлээ анхаарч байгаасай. Хэрвээ ярилцлага уншиж байгаа бол та гартаа барьсан утсаа эвсэл, сонингоо тавиад 30-хан секунтэд эргээд сэтгэлээ чагнаж үзээрэй. Энэ хооронд юу хуулирч байна. Сэтгэл чинь тогтож байна уу, ер нь сэтгэл байна уу үгүй юү түр чагнаад үзээрэй. Ингэж л зөвлөе дөө.
-Та яг одоо өөрийнхөө сэтгэлийг чагнаж үзээд ойлгож байна уу?
-Миний сэтгэл бас яг ижил Улаанчулуутын хогийн цэг шиг л байгаа.
-Бас уу?
-Тийм. /Инээв/
-Тэгэхээр сэтгэлийн амар амгалан тайван байлгах талаар огт судлаагүй, уншаагүй хэсэг ямар төвшинд очих болж байна вэ?
-Гэнэт алга болчихдог гэнэтийн илбэ гэж байхгүй шүү дээ. Сэтгэлээ цэвэрлэж, цэгцэлж байна, ялгаж байна. Эхлээд шилээ нэг газар тавьж байна, дараа нь төмрөө нэг газарт, тэгээд жорлонгийн цаасаа нэг газарт , хоолны үлдэгдлээ тавьж байна, эхнээс нь аваал боловсруулаад л цэгцлээд явж байна. Тиймээс бид бүгд адилхан гэсэн үг. Чойжамц хамба мөн адил энэ төвшинд байгаа байх гэж би боддог. Би Чойжамц гуайн ярилцлагуудыг уншдаг, их хүндэлдэг.
-Сүүлийн үед зарим хүнийг мөнгө, албан тушаал л сэтгэлийг нь амар амгалан тайван болгодог болоод байгаа юм биш үү?
-Албан тушаал, мөнгө тэр хүний сэтгэлийг цэгцлэхгүй. Магадгүй гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа залуу сэтгэлдээ асар гүн даянд орсон, биднээс тув тунгалаг амгалан тогтуун сэтгэлтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл олон жил гуйлга гуйхаас өөр юу ч хийхгүй зөвхөн сэтгэлээ тогтоогоод судлаад сэтгэлийн амар амгалан олсон байж магадгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй албан тушаалтай хэрнээ сэтгэл нь тогтоогүй, мөнхийн стресстэй нэг даргын хажууд гуйлга гуйж яваа тэр залуу илүү эрүүл байгаа. Яагаад гэвэл тэр хүн сэтгэл амгалан байгаа учраас. Тэгэхээр сэтгэлийн амар амгаланг олохыг хэн ч хийж болно.
-Сэтгэлээ цэгцэлж, чадахгүй, амар тайван байдлаа олж авч чадахгүй байгаа нь тухай хүний эрүүл мэндэд нөлөөлөх үү. Өөрөөр хэлбэл, сэтгэл тайван бус байгаагаас өвчин үүсэх үү?
-Ер нь өвчин үүсэх сэдэл сэтгэлтэй холбоотой байдаг. Би сүрхий мундаг, хэтэрхий сониучдаа ч үүнийг үзэж байсан юм биш. Би эмч хүн. Миний мэргэжил, амьдрал бол хүний л эмч. Гэхдээ хүний эмч гэдэг нь дахиад нөгөө 70 кг махны эмч биш. Зүүн чих юм уу баруун гар, эсвэл хөлийн хумсны юм уу, зүрхний судасны эмч биш, хүний л эмч. Би бага зэрэг хүндрүүлж ойлгож байж магадгүй. Би хүний зөвхөн махан биеийг үзээд зогсдоггүй. Түүний цаад шалтгаан нь яг таны асуусан шиг цаад сэтгэлийн асуудал байдаг. Ер нь өвчин бол заавал байна. Хүн амьтан заавал л үхнэ. Үхдэггүй, төгсгөлгүй юм гэж хорвоо дэлхий дээр байхгүй. Ертөнц өөрөө төгсөөд дараагийнх нь эхэлдэг гэсэн онолоор явдаг. Тэгэхээр төгсөхийн тулд эвдрэх, хэмхрэх ёстой. Сэтгэл мөн адил нэг амьдралыг дуусгаад дараагийнх руугаа хувираад хувьсаад сүнс бодог юм уу яадгийн тэгээд л явдаг. Тэгэхээр хавдраар байна уу, ханиад байна уу гэдэг хамаагүй. Харин залуу насандаа өвдөөд байвал утгагүй. Би одоо 52 настай. Би өдий хүртэл ядарч байна гэж хэлж үзээгүй, өвдөх ч бага байна. Залуу байхдаа хэдэн өдрөөр нойргүй явсан ч ядарч байна гэж хэлж үзээгүй. Энд сэтгэл амар амгалан, тайван байсан нь нөлөөлдөг.
-Би дахиад асууя. Та сэтгэл амар, тайван байна гэж яг юуг хэлээд байгаа юм гэдгийг энгийнээр тайлбарлавал.
-Яг одоо тантай ярьж байгаа бол тэр хүнтэйгээ л ярих ёстой. Түүний цаана чаддаг бол сэтгэл амгалан байх л ёстой. Түүнээс бус, тэр хоорондоо зай завсраар нь хүнтэй уулзчихаад хаачихав вэ зэрэг мянган зүйл зэрэг бодвол сэтгэл амар амгалан байх боломжгүй. Сүүлийн үед Ноён-Уулыг ухах уу, яах уу, Тавантолгой яах бол гэдгийг олон хүн бодоод л байгаа байх. Гэтэл Ноён-Уул нь хаана байдгаа ч сайн мэдэхгүй байж түүний тухай бодож өөртөө хор болгож хүлээн авдаг. Би үүнийг л залуучуудад хэлмээр байгаа юм. Залуу байхад хяналтгүй байдаг, хэрэггүй зүйл рүү хамаг энергиэ чиглүүлдэг. Тэгвэл үүнийгээ спорт болгож өөрийн биедээ зөв болгох хэрэгтэй. Болдог бол зөв зүйл хий. Түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж зөв зам руу явах ёстой. Түүнээс биш, хөгширчихөөд орой болгон шоудсан шүү, зугаалж цэнгэж байсан шүү гээд яриад сууж байвал дэмий шүү. Давахгүй гэсэн зүйлээ давч, чадахгүй гэснээ чадаж, бүтээж, сурч мэдэж явбал тэвчээр, залуу хүний энерги хүч чадлын хэрэг гарна гэж боддог. Түүн дотор хамгийн хэцүү зүйл нь уулыг зөөх хэцүү ч гэхдээ гайгүй. Эрдэнэт уул одоо байхгүй ш дээ. Тэр байтугай Өмнөговийн хил дээр байсан Алтан уулыг хэдэн нинжа нар очоод зөөчихсөн. Энэ бол зөөж болохоор зүйлүүд байгаа биз. Харин сэтгэлээ нь зөөнө гэдэг хамгийн хэцүү. Тиймээс эрт залуугаасаа эхлээд хамгийн багаар бодоход бусдад муу юм битгий бодож, хийж, хэлж байгаасай. Яагаад гэвэл бодол чинь үг болно, үг чинь үйлдэл болно, үйлдэл чинь амьдрал чинь болно. Сэтгэл нь ч, бие нь ч, амьдрал нь ч Улаанчулуутын хогийн цэг шиг болно. Тэгэхээр цөөхөн юмыг сайн мэдэж, нэвтэрч, сурч чадаж, ном ч гэсэн тийм.
-Муу зүйл бодож, муу үг хэлнэ гэдэг нь өөрөө сэтгэлийн амар амгаланг бусниулагч юм байна гэж бодлоо. Зөв үү?
-Үнэн, үнэн. Дүрслээд хэлбэл хүний сэтгэл болор бөмбөлөг шиг тунгалаг гэрэлтэй. Хүүхэд байхад яг тийм байдаг. Харин томрох тусам бага багаар сэвтэж, хар цагаан зураасууд үүсч эхэлдэг. Заримдаа бүр цав үсэрдэг. Үүнийг буцааж эвлүүлж болно. Аль болох мэдсэнээсээ хойш аль болох сэвтүүлэхгүй, харлуулахгүй хог цуглуулахгүй байх хэрэгтэй. Жишээ нь, би гурван жилийн өмнө твийтрийн нэг нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан юм. Твийтр бол дэлхий даяар хэдэн сая хүн хэрэглэдэг, энэ дотор гайхамшигтай эрдэнэс ч яваа, манай цаг үеийн хамгийн гайхамшигтай хүмүүс ч үгээ хэлж байгаа. Түүн дотроос нь заавал хараал, хов жив новшийг нь цуглуулах уу гэдэг чинь өөрийн тань сонголт. Твийтртэй амьдрал яг адилхан. Улаанбаатар ч гэсэн. Муухайгаар харвал тэд тоймгүй олон, тэр бүгдийг харж өөрөө стрессдэж эсвэл муухай зүйл харснаа бусдад түгээх боломж байгаа. Гэхдээ заавал муу муухайг нь биш сайн сайхныг хараад явж болно. Сайн сайхныг бодож хийгээд амьдарч болно. Тэгж байж л гурван сая хүн нэгнээсээ, амьдралаас, ширээн дээр байгаа аяганаас хүртэл гэрэл гэгээтэй сайн юмыг нь олж харж сурч байж энэ нийгэм арай эерэг сэтгэхгүйээр харж чаддаг болно. Нэгэн рүүгээ харж инээмсэглэдэг болно, хэн нэгнийг хараад баярладаг болно. Тэгэхгүй бол гурван сая мангас авчраад дунд нь бөмбөг тавьсан юм шиг амьдарч байна. Энэ нь бидний л хохь болж хоцорно ш дээ.
-Надад хандаж муу үг хэлээгүй ч гэсэн хажууд тэрийгээ ярьснаас болж тэр үг нь, үйлдэл нь надад сөргөөр нөлөөлөөд байвал яах вэ?
-Өөртөө тусгаж, хүлээж авахгүй байх хэрэгтэй. Хажууд чинь хүн ярих битгий хэл чамруу муу үгээр дайрч доромжилж байсан өөртөө хүлээж авахгүй бол тэр хүндээ үлдэнэ.
-Муу үг хэлснээс болж бухимддаг орчин бол твийтрчид байдаг шүү дээ. Тиймээс л твийтрт хяналт тавих яриа хүртэл гарсан шүү дээ?
-Одоогоор олон улсын хууль твийтр, Үндсэн хууль болон бусад хуулиудад дайн, хүчирхийлэл, терроризм, аллага фашизмыг сурталчилсан зүйлийг хориглож байя гэж тусгасан байдаг. Бусдаар хэн нэгэн даргын нүдээр твийтрт юм бичих эрхийг хягаарлана гэдэг байж боломгүй арга. Ер нь хувь хүн өөрөөс нь бүх зүйл шалтгаална. Дандаа хараал хэлдэг, муу хүнийг дагасан бол устгах, блок хийх эрх байгаа шүү дээ. Дагадаг байлаа гэхэд муу үгтэй, сөрөг мэдээллийг уншихгүй, хариулахгүй байж болно. Түүнээс биш, үүнийг зохицуулах хууль баталана гэж юу байх вэ. Монгол Улсад хуулиас илүү их юм алга. Одоо 2000 гаруй хууль хэрэгжиж байгаа. Нэмж 4000 хууль батлуулах нийгмийн харилцаа өнөөдөр алга. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод амьдрахын тулд 6000 хууль дагаж мөрдөж амьдарх нь. Ийм боломж хүний амьдралд байхгүй ш дээ. Тиймээс аль ч нийгмийн үед шашин юм уу аав ээж нь буруу гэж хэлж, эмээ өвөө нь зөв гэж хэлж байсан тэр зүйл хамгийн зөв байсан, зөв байдаг. Ямарч муу хүн байлаа гэсэн хайртай хүндээ хэзээ ч буруу юм хэлдэггүй, захиж үлдээдэггүй.
–Та маш олон сонирхолтой сэдвүүдээр нийтлэл бичдэг. Гэхдээ сүүлийн үет бичсэнгүй. Ажил ихтэй байна уу, эвсэл нийгмийн идэхвтэй гишүүн байхаас татгалзав уу. Эсвэл сэтгэлээ амар амгалан байлгаж байгаа хэрэг үү?
-Сүүлийн дөрвөн жил нийтлэл гаргаагүй. Хааяа нийтлэл бичиж байгаа. Гэхдээ тавихгүй юм.
–Яагаад?
-Хэд хэдэн шалтгаан байна. Ер нь миний ойлголтоор хүний амьдрал, сэтгэхгүй, бусдад бөгөөд өөртөө хандах хандлага 12 жил болоод үндсээрээ өөрчлөгддөг юмшиг байгаа юм. Хүүхэд 12 нас хүрээд хүүхэд биш хүүхэн, залуу болдог. 24 хүрээд ирэхээр эцэг эх, гэр бүл болж эхэлдэг. 36 нас хүрвэл амьдрал дээр ачаа даах чадвартай юм сурсан, мэдлэгтэй байдаг. Хамгийн бага эд эсээр бодоход 12 жил тутамд хүний биеийн бүх эд эс солигддог. Би яг 49-ний жилээсээ эхлэн нийтлэлээ гаргахаа больсон. Ер нь бичих хэрэг байна уу, үгүй юү гэж боддог болсон. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг ш дээ. Жишээ нь, би Вокзалын ариун цэврийг өрөөнд орчихоод хана руу харахад Ноён Уулаа аваръя гэвэл өөрт чинь хэрэгтэй юү, тэр хана цэвэрхэн хэрэгтэй юу гэдэг талаас нь хардаг болсон. Дээр нь хүний хараал идэж, юм бичих дэмий юм байна гэж бодсон. Нөгөөтэйгүүр өмнөх ажил буюу эмчийн ажлаа сайн хийгээд явж байя гэж боддог болсон. Гэхдээ би идэхвтэй жиргээч ш дээ. Тэнд би хэдхээн сэдвээр л бичдэг. Нэг дэх нь дандаа хоол ундны талаар жиргэдэг. Монголын уламжлалт хоол, зөв хооллолт хүнийг биеийг эрүүл байлгахад чиглэсэн хоол хүнс зураг тавьж харилцан ярилцдаг. Би хүмүүсийг шарсан төмс, чихэр, талх, цуйван болж өгвөл битгий идээсэй гэж боддог. Тэгж байж л эрүүл байна. Маш олон хоолны зураг тавьсан. Хоолны тухай жиргээ хийсэн. Үүнийгээ зөв үйлдэл гэж бодож байгаа. Учир нь миний олон жил ярьсан зүйлийг сүүлийн 2-3 жил Европын шинжлэх ухаан баталж байгаа. Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс нэмэгдэхгүй. Дараагийнх нь сэтгэлийн тухай бичдэг. Би өөрөө зүгээр байгаа ч хүмүүст санаа болоосой гэдэг үүднээс цайныхаа цагаар хоолтойгоо холиод л биччихдэг. Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямарч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан тэгж хооллодог. Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг. Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий. Буруу зуршил хандлагыг бага ч гэсэн ойлгуулж, хандлагыг нь өөрчлөх юмсан гэж бодох юм.
-Таргалалт эрс нэмэгдэж байгаа нь буруу хоололтоос л үүдэлтэй юү?
-Талх, шарсан төмс, боорцог их иддэг хүмүүс таргалах нь элбэг байна. 1990 оноос өмнө монголчуудын дунд тарган хүн маш ховор байсан. Сургуульд нэг тарган хүүхэдтэй, 300-400 ажилтантай компани нэг тарган хүнтэй, сумд нэг тарган хүндтэй байдаг байв. 1990 онд ардчилсан хувьсгалын жагсаалыг гарахад тухайн үеийн хүмүүс эрүүл саруул, чийрэг харагдаж байгаа. Энэ нь монголчууд уламжлалт хоололтоороо явсны л үр дүн. 1990-ээд оны төгсгөлөөс явсаар өдөрт гурван удаа хооллодог болсон байна.
-Монгол хүний биеийн онцлогоос шалтгаалж өөх, мах зайлшгүй хэрэгтэй гэж ярьж байна. Гэтэл дэлхийн зарим орнууд өөх, тостой махнаас татгалзаж, эрүүл мэндэд муу гэдэг талаас нь тайлбарлаад байдаг. Энд ямар зарчмын ялгаа байна вэ?
-Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй. Миний хувьд хэдэн санаа хэлэхэд, нэгдүгээрт монголчууд өөх идэж бай. Хоёрт, миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн. Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй. Сүүлийн 2-3 гурван жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.
5 comments
Ясчин ламын гэгээрлээс арай наана сонсогдож байна.
Tiim shuu saihan yarilzlaga boljee.
Buh ym tanias uuruus chini hamaarna.Sanaa saitiin zaya zuv gedeg unen l bolj taarah Geed baigaa um daa.
зүгээр уншиж байхад л цаанаасаа тайвшраад байхийн, сайхан ярилцлага байна, баярлалаа
Buh zuil bidnees hamaaraltai yaamaar Mongolchuud aa uu durtaigaa hii uhaantai ni urt naslana