УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл өглөө.
“Өнөөдөр манай улсад 450 мянган тэтгэвэр авагч бий. Өнөөдрийн нөхцөл байдалд өндөр настай хүмүүсийн зарим нь хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлж барагдуулдаг. Нас барсны гэрчилгээ авахын тулд зээлээ бүрэн барагдуулах ёстой байдаг. Иймээс Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг нэг удаад чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орчихсон энэ үед тэтгэврийн мөнгө юунд ч хүрэлцэхгүй байна. Иймээс энэ хуулийн төслийг боловсруулж байна” гэлээ.