“Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүнгийн форум өчигдөр Туушин Бэст Вестерн” зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо. Форумын үеэр хоёр жилийн турш хэрэгжсэн “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн үр дүнг тоймлож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хүлээн зөвшөөрсөн 16 компанитай нийлээд хорь гаруй компани уг форумд оролцсон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Австралийн элчин сайдын яам, НҮБХХ зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн тус форумыг Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд, Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Дэйв Престон нар нээж үг хэлэв.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулж анхны аж ахуйн нэгжүүд нэгдэж байж. Уг кодексийг НҮБХХ-с 2018 онд гаргасан “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-д үндэслэн боловсруулж байжээ. Түүнээс хойш НҮБХХ “Уул уурхайн салбарын байгаль орчны засаглал” төсөлтэй хамтран кодексийг боловсронгуй болгож хөтөлбөр боловсруулсан аж. Анх 8 компаниар эхэлж одоогоор 16 компани уг сайн дурын кодекст нэгдээд байна.
Дэйв Престон “Австрали улсын эдийн засгийн өсөлтийг хангахад уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголын хувьд ч уул уурхайн салбар улсынх нь эдийн засагт том нөлөөтэй. Уул уурхайн салбарынхаа өгөөжөөр эдийн засгаа тэлэхийн тулд юуны өмнө хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай. Австрали улсын хувьд уул уурхайн салбарынх нь туршлага бусад улсад сайн жишиг болдог. Бидний Монгол улстай уул уурхайн салбарт хамтран өрнүүлж буй харилцааны салшгүй нэг хэсэг бол хариуцлагатай уул уурхай. Хоёр талын хамтын ажиллагаа танай улсын уул уурхай, эдийн засагт өгөөжөө өгч байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгосон юм.
Форумын гол илтгэлийн нэгийг уул уурхайн ерөнхий инженер Н.Алгаа тавив. Тэрээр “Хариуцлагатай уул уурхай хөтөлбөр зорилт, үр дүн” сэдвээр мэдээлэл өглөө. Н.Алгаа “Хариуцлагатай уул уурхайн асуудал гарсан нь манай салбарын жижиг дундынхантай холбоотой. Тэд үнэхээр хариуцлагагүй байсан. Тэр дундаа байгаль орчинд их хариуцлагагүй ханддаг байсан юм. Гаднын хөрөнгө оруулагчийн төлөөлөл энэ байдлыг засъя, уул уурхайг хариуцлагатай болгоё гэсэн саналыг МУУҮА-д анх тавьсан юм. Дэлхийн бусад улсад компаниуд нь сайн дураараа нэгдээд оролцогч талуудын хүсэл шаардлагын дагуу жижиг, бодлого зорилтууд томьёолоод түүнийгээ сайжруулаад явдаг процесс бий. Үүнийг манай компаниуд өөр өөрийн онцлогт тохируулж хэрэгжүүлээд үр дүнгээ нийтэд тайлагнах үүрэгтэй ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл амьд хөдөлгөөнтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монголын уул уурхай, тэнд ажиллаж байгаа компанийн засаглал олон улсын жишиг рүү нийцэх төвшинд өөр өөрсдийнхөө замаар явж байж л хүрнэ” гэж онцоллоо.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Стандарт үнэлгээний албаны дарга Х.Энхтуяа “Сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, давуу талууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр “Эрдэнэс Таван толгой бол Хариуцлагатай уул уурхай сайн дурын кодексийг хэрэгжүүлэхэд нэгдсэн компаниудын нэг. 2020 оноос эхлээд таван бүлэг, 248 шалгуурыг өөрийн компанийн зүгээс тогтоож, үнэлгээ хийгээд хэрэгжилтийг нь хангуулаад явж байна. Компанийн засаглалыг сайжруулах, нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлж тогтолцооны өөрчлөлт сайжруулалт хийх, хүний эрх тэр дундаа хөдөлмөрлөх харилцаатай холбоотой эрхийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй байх, олон нийтэд ил тод байх гэх мэт үндсэн чиглэлүүдэд шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрт нэгдсэн нь компанид олон талын ач холбогдолтой. Олон компани энэ хөтөлбөрт нэгдээсэй гэж хүсэж байна. Манайх компанийн хувьд хариуцлагатай уул уурхайн нэг үзүүлэлт болох орон нутгийн иргэдийг ажилтай болгох, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс бараа үйлчилгээ худалдан авах талд онцолж хэлмээр нэг зүйл бий. Төрийн өмчит компани учраас төрийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Энэ утгаараа тендер сонгон шалгаруулалтад орон нутагт байгаа компаниуд тэр бүр оролцоод явах боломжгүй байдал анзаарагддаг. Мэдээллийн хүртээмж муу гэх мэт шалтгаан байдаг. Тэгэхээр орон нутгийн компаниудад энэ тал дээр чадавхжих шаардлага байгаа. Хариуцлагатай уул уурхай гэхээр олон нийт хандив, мөнгө өгөх ёстой гэдэг талаас хардаг тал ажиглагддаг. Мөнгө төгрөг өгч, хандиваар дэмжихийг хариуцлагатай уул уурхай гэж харах нь өрөөсгөл ойлголт юм. Хариуцлагатай уул уурхайг олон талт ажиллагаа, харилцаа гэж харж байна” гэж тодотгосон юм.
Олборлох үйлдвэрлэл, ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон “Өнөөдрийн уулзалтаар сүүлийн 10 гаруй жил ярьж буй хариуцлагатай уул уурхайн талаар хэлэлцлээ. “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хүрээнд 16 компани хамтран ажиллаж байна. Манай байгууллагын хувьд уул уурхайн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, тайланг гаргуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид уул уурхай, газрын тосны чиглэлээр ажиллаж буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тодын тайлан гаргах чиглэлд хамтран ажилладаг. Тайлан бол хариуцлагын нэг хэлбэр. Иймд уул уурхайн компаниудыг тайлангаа гаргахыг бид шаарддаг. Харин тайлангаа гаргаагүй компаниудын жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарладаг” гэлээ. Түүний хэлснээр улсын хэмжээнд 2200 орчим уул уурхай, газрын тос олборлох компани бүртгэлтэй байдгийн 1600 нь тайлангаа өгчээ.