Арваннэгдүгээр сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 10.5%, Улаанбаатар хотод 10% гарсан.
Инфляцын задаргаатай холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Дотор нь задалж харвал зорилтын дээд хязгаараа давсан хоёр бүлэг бий.
- Шатахууны үнийн өсөлт
- Хүнсний бүлгийн өсөлт.
Хүнсний бүлгийг харвал:
- Хүнсний бүлэг дотроо хамгийн өндөр өсөлттэй нь хүнсний ногоо байсан. Сүүлийн үед нарийн ногооны нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор үнэ өссөн. Сарын дотор 70-120 хувиар үнэ нэмэгдсэн. Нийлүүлэлт нэмэгдээд, арваннэгдүгээр сард үнэ нь 20-аар буцаж буусан.
- Төрөл бүрийн өөх тос, тосон бүтээгдэхүүн 35%
- Мах 21%
- Сүү, сүүн бүтээгдэхүүн 15.6%-ийн өсөлттэй байсан нь нөлөөлсөн.
Хүчин зүйлсийн талаас нь инфляцыг харах ёстой. Үүнээс өмнө гадаад инфляцын нөлөө ямар байгааг харах хэрэгтэй.
- Тээврийн үнэ дэлхий нийтээр өндөр өссөн яваа. Гэхдээ сайн мэдээ нь 10 мянга даваад байсан чингэлэг тээврийн үнэ сүүлийн хоёр сар дараалан бууж, 9,200 руу буулаа.
- Эдийн засгийн идэвхжилтэй холбоотой эрэлтийн гаралтай инфляц ямар байгааг анхааралтай судалж, мөнгөний бодлогын шийдвэр гаргаж байгаа. Бидний тооцоолсноор эрэлтийн гаралтай инфляцын нөлөө бага байна гэж харсан. Тодруулбал, эрэлтийн 50%-ийг өрхийн хэрэглээ тодорхойлдог. Монгол Улсын өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалаад уналттай явж байгаа. Уналттай хэрэглээнээс үүдэн инфляц бий болж байна гэж үзэх үндэслэл хомс.
- Нөгөө талд өрхийн хэрэглээ цаашид яах вэ гэдгийг харахын тулд хөдөлмөрийн зах зээл дэх гүйцэтгэлийг харах ёстой. Ажил эрхлэлтийн өсөлт сүүлийн 3-4 улирал уналттай явна. Хамгийн муу үе нь энэ оны нэгдүгээр улиралд /13-14%/ байсан. Энэ нь 3% болж багасаж буй нь нааштай үзүүлэлт.
- Инфляц 10.5% байгаа нь оргил үзүүлэлт биш. Ирэх оны эхний хагас жилд 12 орчим хувьд хүрээд гуравдугаар улирлаас буцаад буурч, жилийн эцэс гэхэд 7% орчимд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх жил мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоонуудыг хийгээд энэ түвшинд хүрнэ гэх хүлээлттэй байгаа.
- Монголбанк эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогын төлөв дунд хугацааны инфляцын зорилтыг хангах үндсэн зорилт хоёрын хооронд тэнцвэртэй шийдвэр гаргаж байна” хэмээв.