“Тун удахгүй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно” гэсэн үгийг хэн нэгэн солиотой хvн биш бидний сайн мэдэх алдарт үзмэрч Ванга эмгэн амьд сэрүүн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр үеэс хойш хараагүй үзмэрчийн хэлсэн энэ үгийг тайлах гэж олон хүн оролдсон бөгөөд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хүн өөрийн төрсөн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ.
Тухайн үед хүмүүс үүнийг зүгээр л сенсааци хөөсөн сониныхны ээлжит шоу хэмээн үзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт үгийг цөөн бус хvн тов тодорхой санаж байлаа. Гэхдээ алдарт үзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бөөн бөөнөөрөө тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хүмүүс бас анхааралдаа аваад байсан билээ.
Эдүгээ Ванга эмээгийн үг биеллээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийг доорхи нийтлэлд дэлгэж байна.
Миний нөхөр, охин хоёр зүгээр үү, тэд амьд уу?
Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргүүд зодож дээрэлхэн дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид “уламжлагдаж” ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хүмүүс санаж буй бизээ.
Одоо ч олон улс орны армид хүмүүсийн харилцааны хамгийн гаж үзэгдлийн нэг хэмээн үздэг энэ явдал амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд зарим нэг дарга нар ч иймэрхүү дэг байх ёстой гэж үзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах, тангараг өргөсөн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илүүлж буйтай адил зүйл хэмээн даналзах хүн ч байдаг нь үнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хүүрнэх гэсэн билээ.
Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргvvдийг хотоос нэлээд зайтай орших нэгэн ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг өөрсдийнхөө халааг хүлээж, бас хэдэн cap уйдсан цэргүүд зугаагаа гаргах юмтай болж, үдэш орой шинэ дайчдыг дуудаж өөрсдийнхөө хүслээр тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргүүцэн халагдах цэргүүдтэй ана мана үзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагүй тэрбээр “ах” нартаа нэвширтэл зодуулан тархиндаа хvнд гэмтэлтэйгээр Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.
Өөрийн гэсэн ухаангүй хүргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтүүлж, яаралтай мэс ажилбар хийн тархинд нь хуралдаж бөөгнөрсөн цусыг нь хусч авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижүүрийн эмчээс, “Миний нөхөр, охин хоёр яасан бэ, зүгээр үү. Тэр хоёр маань амьд уу” гэж асуужээ.
Мэдээж эмч энэ үгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хvн эхнэр, хүүхдээ асууна уу гэхээс өөр юу асуухав. Тиймээс нөхөр сүүдэр ярьсан цэргийн үгэнд эмч огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерөнхий эмчдээ, “цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг” гэсэн үгийг утсаар хүргэжээ.
Амьдралдаа элдвийн л адал явдалтай таарч бас хажуугаар нь судалгаа шинжилгээний ажил хийдэг сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй ерөнхий эмч энэ үгийг дуулаад эмнэлэг дээрээ яаралтай давхиж ирэн, хэвтэж буй цэргээс ” Чиний нэрийг хэн гэдэг вэ” хэмээн асуусан байна. Цэрэг огтхон ч түгдрэлгүйгээр, ” Миний нэрийг Сюзанна гэдэг. Би одоо 38 настай. Сая нөхөр, охинтойгоо машинд хамт явж байтал урдаас гэнэтхэн асар хурдтай машин гарч ирж мөргөлдсөнөөс өөр юу ч санахгvй байна” гэжээ. Мөн түүний ярианы өнгөнөөс үзвэл уг осол түүний хэвтэж байгаа эмнэлгээс бараг 2000 километрийн зайтай орших нэгэн тосгоноос хот руу ордог зам дээр гарсан бололтой байлаа.
Япон л машин юмдаг, ямар маркийнх болохыг санахгүй байна
Ихэнх эмч нар залуугийн тархинд өөрчлөлт орсон учир солиорч байна гэж үзжээ. Харин ерөнхий эмч нь дотроо өөр зvйл бодсон ч түүнийгээ хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцсангүй. Цэргийн эрүүл мэндийг өөрийнхөө хяналтад авсан ерөнхий эмч түүний ярьсан, хэлсэн бүхнийг шалгаж үзэхээр шийджээ. Гайхалтай нь нэг өглөө нөгөө залуу гэнэт баруун гараа харснаа “Хөөе, энэ чинь миний гар биш байна. Миний хуримын бөгж алга байна шүү дээ” хэмээжээ.
Энэ үгийг сонсоод ерөнхий эмч, сэтгэл судлаач найзынхаа хамт эмчлүүлж буй “солиот” нөхрийн ярьсан хотын ойролцоох зам дээр автын ямар осол гарч, ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсчээ. Удалгvй хариугаа ч авлаа. “Таны хүсэлтийн дагуу шалгаж vзлээ.
Тэр өдөр Йоханнес-бургийн төв зам дээр БМВ маркийн машин эсрэг урсгалд орж осол гаргаснаар буруу талдаа жолооны хүрдтэй “Тоёота” маркийн машинтай мөргөлдөж, улмаар жолоочийн зүүн талд сууж явсан Сюзанна хэмээх 38 настай бүсгvй амь үрэгдэж, уг машиныг жолоодож явсан түүний нөхөр, арын суудалд нь сууж явсан охин хоёр нь хүнд гэмтэл авсан байна” гэсэн мэдээлэл ирсэн байлаа.
Ийм хариу авсан эмч өөрийгөө галзуураагvй байгаа хэмээн бодох шахав. Гэхдээ эмнэлгийн орон дээр тархи толгой нь битүү боолттой хэвтэж байгаа “Сюзанна”-д та аль хэдийнэ нас барчихсан шүү дээ гэж хэлэхийг огтхон ч яарсангүй. Туршилт цааш үргэлжлэв. Эмч энэ удаа, “Та тэр өдөр ямар маркийн машин унаж явсанаа санаж байна уу” гэсэн өдөөн хатгалт маягтай асуултыг тавьжээ. “Сюзанна” огтхон ч түгдрэлгvйгээр, “Ямар маркийнх болохыг сайн санахгvй байна. Япон л машин юмдаг. Буруу талдаа жолооны хүрдтэй” хэмээжээ.
Ийнхүү ерөнхий эмчийн хувьд амьдралынх нь туршид тайлагдахааргvй оньсого бас нэгээр нэмэгдлээ. Алс хязгаарын цэргийн ангид алба хаахаар очсон залуугийн өнгөрүүлж туулсан амьдрал, тэртээ нэгэн хот, тэр хавийн зам дээр гарсан автомашины осолтой огт хамаагүй байлаа. Тэгсэн хэрнээ яагаад цэрэг залуу гэв гэнэт “Сюзанна” болон хувирдаг билээ гэсэн асуулт түүнийг үнэнхүү амаа ангайтал гайхахад хүргэсэн юм.
Надад толь өгөхгүй юу, өөрийгөө нэг хармаар байна
Гэхдээ залуу цэрэг галзуурч солиорсондоо ийм зүйл яриагүй гэдэгт эмч нар санал нэгтэй байв. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг л тэдний хувьд тун сонин байлаа. Халагдах цэргүүдэд нэвширтэл зодуулсан шинэ цэрэг нас барж, түүний биед аль хэдийнэ ослоор нас барсан Сюзанна бүсгүйн сүнс ирж хоргоджээ хэмээн тайлбарлахаас өөр гарцгүй болоод байсан юм.
Байлдагчийг тусгай өрөөнд оруулж, байнга тайвшруулах тариа хийх боллоо. Түүнд тавих анхаарлыг огтхон ч сулруулж болохгүй байв. Энэ завсар судалгаа гэмээр асуулт байнга тавигдсаар байлаа. Нэг удаа эмч түүнийг бараг өндийгөөд суучихсан байхаар нь хэсэг зуур энгийн байдлаар ярилцаж үзэхээр шийджээ.
“За Сюзанна бие чинь яаж байна даа. Ямар нэг зовиур байна уу?” хэмээн асуув. “Гайгүй болж байна аа. Харин бvх бие аймаар хөндүүр байх юм. Уг нь хугарч, гэмтсэн зvйл байхгvй л юм шиг. Мөн энэ бие минийх биш юм шиг муухай бодол төрөөд байх юм. Та надад толь өгөхгvй юу, би өөрийгөө нэг хармаар байна” гэжээ.
Эмч түүнд өөр асуулт тавихаар шийдсэн байна. Тэгээд, “Та өөрийгөө толинд хараад нэмэргүй дээ. Учир нь танд бүх үнэнийг хэлэх ёстой болчихоод байгаа юм. Та чинь ингэхэд тэрхүү ослын улмаас нас барчихсан шүү дээ” гэлээ. Мөн, “Та арай ч нөгөө ертөнцөд хараахан очоогvй байна аа. Гэхдээ огт өөр хүний биед ухаан санаа чинь шингэчихээд байгаа. Та саяхан нас барсан нэгэн цэргийн биед хувилчихсан гэдгийг хэлье. Чухам яаж гэдгийг зөвхөн бурхан тэнгэр л мэдэх байх” хэмээн эмч шуудхан хэлж орхижээ.
Цэрэг залуу нэлээд хугацаанд чимээгvй сууснаа, “Энэ явдал хэр удаан үргэлжлэх бол . Би ингэхэд ер нь яах ёстой гэж та бодож байна” хэмээн асуухад эмч, “Чухамдаа энэ талаар л хоёулаа ярилцъя гэж бодсон юм. Хэр удаан энэ байдал үргэлжлэхийг үнэндээ мэдэхгvй байна. Яагаад гэхээр миний амьдралд анх удаа ийм явдал тохиолдож байна.
Ямартай ч таны өмнө хоёрхон зам үлдсэн. Юуны өмнө та хуучин амьдралдаа эргэж орох боломж огтхон ч байхгүй гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, хайртай нөхрийнхөө эхнэр, хайртай охиныхоо ээж байх боломж огтхон ч байхгүй гэсэн үг. Хамгийн гол энэ бvх бодлоо өөрийнхөө толгойноос бүр мөсөн арчиж хаях хэрэгтэй.
Харин нөхөр, охин хоёртоо захидал бичиж болно гэж бодож байна. Уг захиа яах аргагүй танаас иржээ гэдэгт тэд бүрэн итгэсэн байх шаардлагатай гэдгийг харгалзаж үзээрэй. Тэдэнд чухам ямар захиа илгээх, түүнд чухам юуг өгүүлсэн байхыг та өөрөө бодож ол. Гэхдээ ар гэрийнхэн чинь захиаг аваад таныг амьд гэдгийг мэдсэн харин уулзах боломжгүй гэдгийг ойлгосон байх ёстой. Ингэснээр та өөрийнхөө хамгийн дотно хvмүүст учирсан гай зовлон, уйтгар гунигийг багагүй хэмжээгээр нимгэлэх болно.
Харин би эмэгтэй хүн бас нөхөр хүүхэдтэй гээд зүтгээд байвал өөрийг чинь эмч нар шууд л галзуурч гэж үзээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлчихнэ. Нөгөө зам нь гэвэл та өөрийгөө дөнгөж 20 хүрэх гэж байгаа залуу гэж бодох хэрэгтэй байна. Тэгээд л амьдралаа цоо шинээр эхэл. Мөн та тархи нугасны хүнд гэмтлийн улмаас санах процесс нь алдагдсан гэсэн оноштойгоор эмнэлгээс гарах болно. Тэгэхээр шууд л энэ залуугийн гэрт очих хэрэгтэй. Таны эцэг эх, төрөл төрөгсөд ч хүүгээ амьд байгаад тун их баярлах болно. Сайн бодоорой” гээд гарчээ.
Би чинь Ерөнхийлөгч байсан шүү дээ
Дэлхий дахинаа шуугиан тарьсан, бас нэгэн дуулиант явдлыг та бүхэндээ хуучлъя. Шинэ Гвинейн зэрлэг омгийн нэгэн төлөөлөгч Арраану гэгч 1963 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн байна. Яагаад энэ хугацаа Арраануд хамаатай гэхээр яг энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт алагдсан байлаа.
2002 онд анхны европ хүн Арраанутай уулзсан бөгөөд тэр үед мань эр 38 нас хvрээд байж. Хэрвээ та анзаарсан бол дээр өгүүлсэн “Сюзанна” мөн л 38 настай байсан. Мөн манай монголчуудын 37-ны жил хэмээн ярьдгийг ч бас санахад илүүдэхгvй байх.
Ингэхэд Шинэ Гвинейд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж асан Нидерландын сэтгэл судлаач Клаус Демолены ярьж байгаагаар хүний нийгмээс хэдэн мянган бээрийн алсад орших зэрлэг шугуйн иргэн, амьдралдаа хэзээ ч радио, телевиз гэдэг юм хараагүй хэрнээ АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар агуу мэдлэгтэд байсан нь түүний анхаарлыг өөрийн эрхгvй татжээ.
Тэгээд бүтэн хоёр сарын турш түүнийг судалж, элдэв асуудлаар яриа хөөрөө өрнүүлэн, улмаар Жон Кеннедийн хойт дүр болохыг тогтоосон аж. Хожим Арраанутай Аварийн эртний хүн судлаач Бернард Хок бас уулзсан бөгөөд Арраану түүнд урьд нь Жон нэртэйгээр Америкт амьдарч, тэр ч бүү хэл улс орныг хэрхэн удирдаж, улстөрийн сонгуульд ямар арга хэрэглэн ялсан тухайгаа ярьсан нь олон хүнийг ангайтал гайхахад хүргэжээ.
Ингэхэд иймэрхүү тохиолдлын жишээ тун олныг дурьдаж болно. Өөрөөр хэлбэл, нас барсан хvний оюун ухаан өөр хүний биед шингэх үзэгдэл тийм ч ховор биш гэсэн үг. Хамгийн гол нь эмэгтэй хvн эмэгтэй хүний, эсвэл эрэгтэй хүн ижил хүйстэй хүнийхээ биед “хувилж” байвал чухал гэж үздэг байна. Харин эмэгтэй хүн эрэгтэйн эсвэл эрэгтэй хvн эмэгтэйн биед хувилснаар тухайн шинээр бий болсон хувь хүний амьдрал тийм ч сайн сайхнаар үргэлжилдэггүй бөгөөд “хорлогдсон” эсвэл ” муу юм шүглэсэн” гэх зэргийн нэр хоч зүүж, сайн л бол сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насыг барах нь элбэг хэмээн эрдэмтэн судлаачид эцсийн дvгнэлт гаргасан байна.
Дээхнэ үед иймэрхүү хүмүүсийг европчууд хотынхоо төв талбай дээр шууд л шатаачихдаг байсан түүх бас бий.
Манай өвөө эргээд ирсэн…
Манайхан иимэрхvv зүйлийг ихээхэн элбэг ярина. Бас итгэхийн аргагvй явдал ч мэр сэр тохиолддог. Ингэхэд Америкт эдүгээ жилд 16000 хvvхэд нөгөө ертөнцөд одож, тэнд удаж буй хvмүүсийн сүнсийг өөрийнхөө биед тээн ертөнцөд эргэн мэндэлдэг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн сүнс жилдээ хэдэн саяараа дэлхийд эргэн ирж, хэн нэгний биед төрдөг бөгөөд эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хэмээн үзэж, эмэгтэй маягаар хувцаслаж, эмэгтэй хүний суултаар суун бие засах зэрэг үзэгдлийг чухам үүнтэй холбон тайлбарлах болсон байна.
Монголд ч иймэрхүү амьдралтай эрэгтэй хүн байсан шүү дээ. Мөн нэг биед хэд хэдэн хүний сүнс ирж “суурьшснаар” тэдгээр нь хоорондоо зөрчилдөж улмаар эмэгтэй хүн гэнэтхэн архинд донтох, эсвэл аль эрт насанд хүрсэн хүн яг хүүхэд мэт ая зантай болох, тэр ч бүү хэл гэнэтхэн өөрийгөө боомилж хөнөөх зэрэг үйлдлийг хийдэг гэсэн сонирхолтой дүгнэлтийг эрдэмтэд хийж эхэлжээ.
Ямартай ч иймэрхүү хүмүүсийн гаргаж байгаа зан араншин, vйл хөдлөлийг бурхан шашинтай холбож үзэх нь хоцрогдсон ойлголт гэдгийг нэлээд эрчимтэй дэвшvvлэх болсныг энд дурьдах нь зүйтэй биз ээ.
Ийм явдлыг эрдэмтдийн ихэнх нь зүүдтэй холбон тайлбарлах болсон байна. Хүний зүүд нь урьдаас төлөвлөн найруулсан дэгийн дагуу явагддаггvй бөгөөд тvvнд оролцож байгаа нөгөө талын хүмүүс нь таны хувьд хэзээ ч санаандаа төсөөлж байгаагүй нэгэн байх нь элбэг.
Энэ бvхнийг мөн л нөгөө ертөнцөөс илгээж буй нэгэн төрлийн “захидал” хэмээн vзэх болсон гэдгийг дуулгахад сонин байна. Мөн манай монголчууд өвөө, эмээ маань эргээд ирсэн, энэ тэр хүний сүнс хэмээн ярих нь элбэг шүү дээ. Бас эрт дээр үеэс хутагт хувилгаадынхаа хойт дүрийг тодруулсаар ирсэн зэрэг нь огт ор үндэсгүй зүйл биш байсан гэдгийг та бүхэн таамаглах болсон байх.
Алдарт үзмэрч Ванга эмээгийн хэлснээр нэг л өдөр гудамжинд тэртээ нэгэн цагт талийгаач болсон хүнтэйгээ тааралдахад эдүгээ та нэг их гайхаад байхааргүйгээр өнгөрсөн хугацаанд элдэв долоог дуулсан билээ. Сүнс байдаг, эргэж төрдөг бас төөрдгийн жишээ энэ байж болох билээ.
Д.ГАЛ