Энэ сарын 03-ны өдөр Онцгой байдлын газрын алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан талаар талийгаачийн эхнэр гэх Ж.Одгэрэл өлсгөлөн зарлаад байсан.
Харин талийгаачийн ах дүү нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Талийгаачийн төрсөн ах М хэлэхдээ “Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид өмнө нь харж байгаагүй, танихгүй. Хэрэг гардаг тэр өдөр анх удаа Ж.Одгэрэл гэх эмэгтэйг харсан. Түүнийг дүүгийн минь найз охин гэж ойлгосон. Цогцос таниулах үйл ажиллагаанд Ж.Одгэрэл хамт орсон. Тэр орой бид Ж.Одгэрэлийг дагуулаад гэртээ очсон.Гэтэл маргаашаас нь эхлээд цогцос таниулах үйл ажиллагааны талаар дэгсдүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ярьж явснаас болж, настай аав ээж маань сэтгэл санааны хямралд ороод байна. Ж.Одгэрэл гэх эмэгтэй яагаад ингэж худал ярьж яваад байгааг бид ойлгохгүй байна. 4-ний өглөөний 06 цагаас эхлээд энэ хүн бид бүхэн рүү дайрч давшилж, цахим сүлжээнд үнэн худал мэдээлэл тарааж эхэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулахаар бид өргөдөл гаргаж байна” гэв.
Харин Талийгаачийн төрсөн дүү Н хэлэхдээ “Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид 3-ны өдөр л анх удаа харсан. Өмнө нь бидний хэн нь ч хараагүй байсан. Энэ эмэгтэй ахыг минь өнгөрсний дараа аав ээж дээр минь ирээд, эмгэнэл илэрхийлэх байх гэж бодож байтал бидэн рүү дайрч давшилж байгаад харамсаж байна.
Ж.Одгэрэл буяны ажилд 900 000 төгрөг өгснөө буцааж аваад, зулны ард байсан зургийг нь, одон медалийг нь аваад зугтсан. Аав маань би хүүгийнхээ одон медалийг аваад үлдье, түүгээр нь бахархая гэж хэлээд ухаан алдаад үлдсэн. Өндөр настай аав ээж минь үнэхээр хүнд хэцүү байна” гэсэн тайлбарыг өгсөн.