“Оюутолгойн гүний уурхайн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсноос Монголын талд учирсан 1,5 тэрбум ам долларын хохирлыг шалгуулах, буруутай этгээдийг олж тогтоох талаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт иргэд хандана.
Хэвлэлийн хуралд Судлаач Ч.Бат-Эрдэнэ, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг нар оролцож байна.
Судлаач Бат-Эрдэнэ: Бидний дийлэнх нь зээлтэй. Бид зээлээр авсан машинаа эвдэлбэл банк зээлээ, хүүгээ авсаар л байх болно. Оюу толгойд яг ийм үйл явдал болж байна. Яагаад ийм их зардалтай байна гэхээр Оюу толгой зээлтэй. Баялгаа барьцаалан их хэмжээний зээл авсан, тэгээд бидэнд ихэнх орлого зээл болон зээлийн хүүнд явчихсан гэж тайлбарладаг.
Иймд бид “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес болон хэд хэдэн захирлыг шалгуулахаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана. Дубайн гэрээ яагаад муу болсон бэ гэхээр өмнөх гэрээний муу зохицуулалтыг засаагүй. Өмнөх буюу суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу энэ гэрээг байгуулсан. Бид ногдол ашгаа 2037 онд авна. 22 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр бидний ногдол ашиг авах хугацаа наашлахгүй.
Рио Тинто хятадын чанаргүй ган гэх мэтийг гүний уурхайд ашигласан. Үүний улмаас гүний уурхай нурах эрсдэлтэй. Барьсан юмаа нураасан. Өндөр цалинтай ажилчид авчрах гэх мэт замаар зардлаа зориуд өндөр болгодог.
Манай хууль хяналтынхан эдгээр баримтыг шалгана гэж найдаж байна. Цахилгаан машины эрэлт өсөж байгаа тул зэсийн үнэ ч өснө. Одоо 9000 орчим ам.доллар байна.
Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг: Рио Тинто үнэнд баригдаж, буланд шахагдаж байна. Дубайн гэрээг цуцлах талаар ярьж, манай Ерөнхий сайд болон бусад хүмүүс од болж байна. Тэгвэл хэн хэзээ Монголын тал төлөх 22 тэрбум ам.долларыг өрийг гаргаж ирэв? Монголын тал үүнд ямар хяналт тавив? Монголын талын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүмүүс юу хийв? “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди энэ талаар ямар ажил хийв? 2019 оноос өмнөх парламент Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Одоо тэднээс 10-аад хүн УИХ-д сууж байна.
Татварын маргаан гарахад манай Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан нь Рио Тинтог буулт хийлгэхэд хүргэлээ. Тэд гүний уурхайн ажлыг мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэсэн. Бид өнөдөөр дотоодын хуулийн байгууллагад хандаж байгаа ч цаашдаа олон улсын хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. “Оюу толгой” дөрвөн төрлийн эрдсийг экспортолсоор байна. Энэ орд Эрдэнэтээс дөрөв дахин том.