Өмнөд Солонгосын төр засаг COVID-19-ийн шинэ хувилбар “омикрон” дэлхий даяар тархаж эхэлсэнтэй холбогдуулан хилийн чанадад аялахаа хойшлуулахыг иргэддээ зөвлөсөн зөвлөмжөө дахин нэг сараар сунгажээ. Яамнаас иргэдээ аяллаа цуцлах буюу нэгдүгээр сарын 13-ныг хүртэл хойшлуулахыг зөвлөсөн байна.
Харин хилийн чанадад байгаа иргэдээ вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авах, тухайлбал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийхийг зөвлөжээ. Өмнөд Солонгост коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 2 дахь өдрөө дараалан 6000-гаас доош гарсан байна. Солонгосын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) мэдээлснээр мягмар гарагт 5567 шинэ тохиолдол илэрчээ. Харамсалтай нь COVID-19-тэй хүнд өвчтөнүүдийн тоо 906 болж, дээд түвшиндээ хүрсэн бол хоногийн хугацаанд 94 хүн өөд болсон байна.
Түүнчлэн Өмнөд Солонгост COVID-19-ийн шинэ хувилбар “омикрон”-ы 119 тохиолдол батлагдаад байгаа аж. Тус улс вирусийн тархалтыг зогсоох зорилгоор орон даяар бустер вакцин хийх аяныг эрчимжүүлэхэд анхаарч байна. Ням гарагаас эхэн Засгийн газар нь эхний болон давтан тунгийн хугацааг 4-5 сарын зайтай байсныг 3 сар хүртэлх болгон наашлуулсан гэнэ.
Өмнөд Солонгосын нийт хүн амын 81,3% нь бүрэн вакцинжуулагдсан бол 83,8% нь эхний тунгаа, 13,9% нь давтан тунгаа хийлгэжээ.
Түүнчлэн даваа гарагаас тус улсад ресторан, кафе, сургалтын газрууд, интернет кафе зэрэг хүн ихээр цуглардаг газруудад вакцины пропуск хэрэгжиж эхлээд байгаа юм. Энэ нь вакциндаа бүрэн хамрагдсан буюу COVID-19-ийн сөрөг хариутай хүн эдгээр газраар үйлчлүүлж болно гэсэн үг. Энэ арга хэмжээг баримтлаагүй байгууллагуудад 1,5 сая воны торгууль ногдуулах бөгөөд 4 удаа зөрчвөл үйл ажиллагааг нь зогсоох юм байна.