“Ур чадвартай” ажиллах хүч илгээх тогтолцооны хэрэгжилтийн талаар Монгол Японы зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Монгол Улсаас Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй “Ур чадвартай” ажилтны нөхцөл байдал, Мэдээллийн сан, Япон Улс дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн үйл ажиллагаа, авах арга хэмжээ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай ажил үүргийн гэрээ байгуулсан Японы аж ахуйн нэгжүүдийн талаар болон Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа ур чадварын шалгалтын хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй “Ур чадвартай ажиллах хүч” илгээх, хүлээн авах тогтолцооны тухай Хамтын ажиллагааны санамж бичгийг 2019 онд байгуулж, 2020 оноос бүртгэх, илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хугацаанд 147 ажил хайгч бүртгэгдэж, Японы 60 гаруй аж ахуйн нэгжтэй ажил үүргийн гэрээ байгуулаад байна.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Япон Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Япон Улсын хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам, Хөдөө аж ахуй, ой мод загас агнуурын яам, Үндэсний цагдаагийн агентлаг, Гадаадын иргэн харьяатын газар, Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл хэлсэн үгэндээ, “Мэдээллийн сан ашиглаж цаг хугацаа хэмнэсэн илгээх тогтолцоо бий болгох, хүлээн авагч байгууллага гэлтгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагатай идэвхтэй хамтран ажиллахыг зорих болно. Мөн ур чадвартай ажилтны хэлний мэдлэг болон чадамжийг нэмэгдүүлэхэд анхаарна” гэлээ.
Цаашид талууд хамтын ажиллагаа улам өргөжүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар
1 comment
хамаг чадвартай залуусаа харьд явуулаад монгол өөрөө яах вэ