Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудад хайгуулын тусгай зөвшөөрөл багтсан байна. Энэ журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгожээ.
Энэ талаар тус яамны сайд Г.Ёндон :
Манай улсын хувьд 10 жилийн өмнө 2,570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан бол өнөөдөр 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа ч энэ нь манай улсын хувьд нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байна.
Хайгуулын ажлын үр дүнд эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ нь дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан. Өнөөдөр дөрвөн сая га хүрэхгүй талбай үлдсэн.
Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна” гэлээ.