“Хүүхэд хамгаалал-Дотуур байр” сэдвийн хэлэлцүүлэгт дотуур байрны хүүхэд хамгааллыг сайжруулах арга зам, туршлагын талаар хэлэлцлээ.
Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбооны зохицуулагч Г.Ганцэцэг:
– Манай байгууллага эцэг эхийн зөвлөлийг шинэ түвшинд гаргах, багш нартай харилцаа холбоог өргөжүүлэх, сургууль дээрх засаглалыг бий болгох, сургуулийн орчин нөхцөл байдал, шийдвэрт оролцогч талын дуу хоолойг хүргэх зорилготой. Бид сургууль дээр өөрийн үнэлгээний системтэй ба дотуур байранд байгаа хүүхдүүдтэйгээ бүлгийн ярилцлага хийх, асуудлыг нь тодорхойлдог.
Хөвгүүдийн дотуур байр хүн амьдрахын аргагүй буюу маш хүнд нөхцөлтэй, хүүхдүүд хоног төөрүүлэхийн тулд л дотуур байрандаа ирж хонодог, бусад үед хичээлдээ суугаад сумын төвөөр хэсэж яваад орой нь ирдэг гэдгээ хэлсэн.
Хүүхэд зөвхөн тэнд байгаа ажилтуудтай л харьцаж байгаа учир тэдэнд тулгамдаж буй нарийн асуудлыг эцэг эх, багш нар тэр бүр мэддэггүй. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай засвар үйлчилгээний дүн шинжилгээг хийдэг ба сургуулийн төсөв мөнгөнөөс хэтэрсэн бол сум, аймгийн удирдлагад хандаж тодорхой төсөв тусгуулдаг.
Үүнд жишээ дурдахад Баян-Өлгий аймгийн Буянт сумын сургуулийн хөвгүүдийн дотуур байр хүн амьдрахын аргагүй буюу маш хүнд нөхцөлтэй, хүүхдүүд хоног төөрүүлэхийн тулд л дотуур байрандаа ирж хонодог, бусад үед хичээлдээ суугаад сумын төвөөр хэсэж яваад орой нь ирдэг гэсэн зүйлийг хэлсэн. байсан. Тухайн орчин хангалтгүй учир тэнд байгаа хүүхдүүдийн сурлага ямар байх, хэрэгт холбогдохгүй гэх баталгаа байгаа эсэх нь эргэлзээтэй байв. Тиймээс сургуулийн эцэг эх, багшийн холбоод хоёр жил дараалан нөлөөллийн уулзалт зохион байгуулж 75 сая төгрөгийн төсөв шийдвэрлүүлэн засвар хийж тус дотуур байрыг тухтай болгосон.
Мөн ЕБС-д 10-р сарын 1-нээс халаалт өгдөг байсан бол аймаг, сумдын удирдлагад танилцуулснаар 9-р сарын 1-нээс өгдөг болдог болсноор хүүхдүүдийн өвчлөл хичээл таслалт буурсан. Хүүхдийн байгууллагуудад 9-р сарын 1-нээс халаалт өгнө гэж заасан Эрчим хүчний сайдын тушаал байдаг ч сургуулийн удирдлага болон ард иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмагийн улмаас эрт халаалалтаа авч боломжоо алддаг. Гэтэл сумын төсөв хэмнэх зорилгоор л сургуулийн халаалт өгөхгүй байсан гэх хариу тайлбарыг өгч байгаа нь хүүхдийн эрх, сурах эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Үүний цаана багш, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй, хөдөлмөрийн бүтээмж буурах, хүүхдийн хичээл таслалт гээд чанарт сөрөг үр дагавартай юм. Тиймээс эцэг эх, багш нар нэгдэж асуудлын талаар мэдээлж, дуу хоолойгоо хүргэснээр асуудлаа шийдвэрлүүлж болдгийг эндээс харж болохоор юм.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын дотуур байрны багш Х.Даваасүрэн:
– Манай сургууль 1200 гаруй сурагчтай ба үүнээс 200 гаруй нь дотуур байранд амьдардаг ба нийт гурван дотуур байр бий. Дотуур байр 2015, 2017 онуудад хүүхдэд ээлтэй дотуур байраар шалгарч байв. Дотуур байранд амьдрах нь хэд хэдэн давуу талтай ба хүүхэд халуун дулаан газар амьдарч, тогтмол хоолтой, багш ажилтнуудын хамгаалалт дор байдаг. Гэсэн ч сул талууд бий. Хүүхдүүд 250 гаруй хоногт энд амьдарч байна.
Сургуулиас ойр зуур тохижилт хийж өгдөг ч тасгийн тохижилт хангалтгүй буюу намайг энд амьдарч байх үеийн буюу 1997 онд төгсөхөд л өнөөдрийнх шиг байсан, миний үед байсан хувцасны шүүгээ ч одоо байна. Одоо зөвхөн ханын будаг нь л солигддог. Ихэнхдээ амьдралын түвшин доогуур өрх байдаг учир зарим нь эцэг эх л тохижилтын ажилд тусалдаг. Тиймээс үүнд чиглэсэн нэгдсэн стандартыг гаргаж, тасгуудыг засах шаардлагатай байна. Жишээ нь хүүхдүүдийг нас насаар нь ангилан байлгах, унтлагын болон гал тогооны өрөөнүүдийг тусад нь болгох хэрэгтэй. Бага ангийн хүүхдүүд эрт унтах шаардлагатай байдаг ч хамт байдаг ахлах ангийн хүүхдүүд нь орой хичээлээ давтах шаардлагатай болдог гээд асуудал их. Тиймээс энэ талаар анхааралдаа авч, тасгийн тохижилтын стандарттай болгохыг холбогдох албаныхнаас хүсье.