Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдэгдсэн ослын талаар болон шинэ жилийн баяртай холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.
Тэрбээр “2021 оны эхний 11 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас нийт 839 хэрэг бүртгэгдэж, 709 хүн хөнгөн болон хүндэвтэр гэмтэн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан.
Дээрх тоон үзүүлэлтээс 226 тохиолдол буюу 26.9% нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдэгдсэн гэмт хэрэг.
Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байна. Хувийн хэвшлийн байгууллага болон анги хамт олон, найз нөхдийн хүрээнд шинэ жилийн баярыг тэмдэглэхээр төлөвлөж байгаа байх. Энэ хугацаанд унаагаар үйлчилдэг үйлчилгээнүүд нийслэл хотод дэлгэрч байгаа.
Байгууллагын удирдлагуудад болон шинэ жилийн баярыг зохион байгуулж буй хүмүүст хандаад хэлэхэд шинэ жилийн баярт оролцож буй ажилтнууд, иргэдийн аюулгүй байдлын хангах үүднээс нэгдсэн унаагаар авч, хүргэж өгөх арга хэмжээг зохион байгуулахыг уриалъя.
Ингэснээр иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх давуу талтай” гэв.