УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо. Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонслоо.
Тус хуралдаанд оролцсон Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Омикрон хувилбарын халдвараас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч байгаа талаар дараах мэдээллийг өглөө.
О.Батбаяр: Энэтхэгт Делта, Өмнөд Африкт Омикрон хувилбар бүртгэгдсэний дараа яагаад Их Британи улс хамгийн түрүүнд шинэ төрлийн вирусийн давалгаанд өртдөг вэ гэхээр тус улс нь Энэтхэг, Өмнөд Африк руу хамгийн олон нислэг үйлддэг байсантай холбоотой.
Энэ нь тус улсыг халдварын шинэ давалгаанд өртөхөд нөлөөлсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс манай улсын хувьд Тайланд, Турк, Эмират зэрэг улс руу хийж байгаа аялал жуулчлалын нислэгийг зогсоох зөвлөмжийг өгч байгаа.
Манай улсын нийт хүн амын 80 хувь нь синофарм вакцины хоёр тун хийлгэсэн. Үүн дээр нэмээд файзер вакцинаар бүүстэр тун хийлгэсэн. Ингэснээр омикроны үед давуу талыг бий болгож байна гэж үзэж байгаа.