Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа “Рио Тинто”, “Туркойз Хилл ресурсес” компаниас Монгол Улсын Засгийн газарт “Оюу толгой” төсөлтэй холбоотойгоор зарим зүйл заалтыг тусгасан захидлыг ирүүлсэн. Энэ асуудал дээр Засгийн газрын байрь суурь ямар байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрээр:
“Гэрээ хэлэлцээр үргэлжилж буй тул зөвхөн захидлын хүрээнд асуудлуудыг танилцуулъя. Тодруулбал,
- Манай ажлын хэсгээс 34 хувьд ногдох өрийг тэглэх асуудлыг удаа дараа тавьсан. Энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэе, энэ нь цаашид 23 тэрбум төгрөгийн өрийг Монгол Улсад үүсгэхгүй гэдгийг захидлаараа албажуулсан.
- 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээн авснаа энэ захидлаар илэрхийлсэн.
- Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг хүлээн зөвшөөрсөн.
- Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
- Гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг “Эрдэнэс Оюутолгой”-д өгч байх юм.
- Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс “Оюу толгой” төсөл эрчим хүчээр хангах гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9.6 ам.доллароор 1кВт-ын өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулна. Давуу тал нь эрчим хүчийг тогтвортой хангах нийлүүлэх, банкнаас мөнгө босгох боломжтой гэрээ байгуулснаар Тавантолгой эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болох юм.
Засгийн газар эдгээр саналыг хүлээн авч, Түр хороо, УИХ-д танилцуулах бөгөөд дээр дурдсан зүйл заалтын хүрээнд гэрээ хэлэлцээрийг албажуулах ажлууд хийнэ. Цаана нь үлдэж буй асуудал бол Арбитрын маргаан. Үүнийг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийх саналыг “Рио Тинто” компаниас ирүүлсэн” гэв.