Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд дүүргийн 2022 оны төсвийн төслийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн Баяр болон холбогдох удирдлагуудад өргөн барилаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
Баянзүрх дүүргийн 2022 оны төсвийг дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичигтэй уяж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж хийсэн. Өмнө нь хороо бүрд жижиг ажил төлөвлөж, чанаргүй ажил хийж, иргэдийн нүдийг хуурч байсан бол одоо тэр байдлаас татгалзаж “Жишиг хороо, гудамж”, “Ногоон байгууламж”, “Авто зам”-ын чиглэлээр томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдэд нэн шаардлагатай ногоон байгууламж, зогсоол зэрэг тохижилтын ажлыг хурдан шуурхай хийж гүйцэтгэнэ. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч “Таван Б” ажлыг эхлүүлж “Бие эрүүл иргэн”, “Боловсролтой иргэн”, “Баян иргэн”, “Баталгаатай иргэн”, “Бохирдолгүй иргэн” гэх сэдвийн хүрээнд иргэн, аж ахуй нэгжүүдээ дэмжсэн ажлуудыг үе шаттайгаар төлөвлөж зохион байгуулна гэсэн юм.
Төсвийн төслийг хүлээж авсны дараа Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр: “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүх хүч чадлаараа ажиллаж, хуулийн хугацаанд цаг алдалгүй ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлагуудад амжилт хүсье. Бүх цаг үед иргэндээ нээлттэй, ээлтэй байж ажиллаж, өмнөө тулгарсан асуудалд ажил хэрэгч, шинжлэх ухаанч байдлаар хандаж иргэдтэйгээ эргэх холбоотой хамтарч ажиллаарай” гэлээ.
Баянзүрх дүүргийн 2022 оны төсвийн төсөл нь иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээс гадна газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ногоон байгууламж барих, авто зам түгжрэлийг бууруулахад тодорхой ажлуудыг тусгаснаараа онцлог. Түүнчлэн Баянзүрх дүүргийг урт хугацаанд хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” хөтөлбөртэй уяж, иргэд аж ахуй нэгжүүдээ дэмжих, томоохон дэд бүтцийн ажлуудыг эхлүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.