Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт энэ сарын 10-наас нээгдэж, ачаа тээврийг нэвтрүүлж эхлээд буй. Одоогоор Эрээний боомтод гацсан 150 гаруй автомашиныг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хятадын тал өнгөрсөн хугацаанд автозамын боомтыг хязгаарласан байсан. Одоогоор ачаа тээвэр хэвийн үргэлжилж, өдөрт 20-30 автомашин нэвтрүүлж байна.
Эхний ээлжид хилийн цаана байгаа 150 ачааны автомашиныг татан авсны дараа чингэлэгт тээврийг нэвтрүүлэх юм. Цаашид Эрээн хот автозамын боомтоо хязгаарлахгүй гэсэн баталгааг бид өгч чадахгүй. Энэ бол зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш. Ерөнхийдөө автозамын боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн гэж ойлгож болно” гэлээ. Мөн Зам, тээврийн яамнаас ачаа тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан тухай мэдээллийг өгч байгаа юм.