Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн.
Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Элчин сайд Н.Эрдэнэтуяагийн хувьд мэргэжлийн дипломатч. Солонгос хэлтэй. 26-27 жил яаманд ажилласан хүн. Ц.Өнөрзаяа консулын хувьд улс төрийн томилгоо байсан. Хуулийн чиглэлийн мэргэжилтэй хүн юм билээ. Орных нь хүмүүсийн асуудлыг одоогоор яриагүй байна. Мэргэжлийн томилгоо хийнэ гэсэн байр суурьтай байна.
Энэ жил шинээр томилсон 23 элчин сайддаа онцгой анхааруулсан. Бид хөрөнгө мөнгө, төсөвгүй учраас бүх хүнд тусалж чадахгүй гэж ярьдаг. Гэтэл гадаадад амьдардаг иргэд сэтгэл санаа, хүн хоорондын харилцаа маш их дутагдаж байдаг. Байнгын холбоо хэрэгтэй. Цаашдаа яамны хувьд хилийн чанадад монгол иргэд олноороо оршин суудаг хэд хэдэн улсуудад консулын ажилтнуудыг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ. Түүнчлэн гадаад харилцааг эдийн засагжуулахын тулд ямар ажил, арга хэмжээ хийх талаар шинэ элчин сайдуудад шаталсан маш олон сургалтууд хийсэн.
Зодуулсан монгол охины асуудалд тал талууд анхаарч байна. Шударга шийдүүлэхийн тулд эцсийг нь хүртэл анхааралтай ажиллана. Аливаа улс оронд сууж байгаа монгол иргэд ямар нэг асуудалд орох юм бол элчин сайдын яамандаа мэдэгдээч. Нуух тусам хүнд байдалд ордог. Зарим иргэд ЭСЯ-тайгаа холбогддоггүй, албаны хүмүүстэй харилцахыг хүсдэггүй. ЭСЯ барьж аваачаад монгол руу буцаачихгүй шүү дээ. Хэрвээ ЭСЯ хаалттай, утсаа авдаггүй бол мэдэгдэх ёстой.
Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь зөв боловч зодсон, зодуулсан хүүхдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байгаа. Гэтэл иргэд хоорондын ийм асуудлыг улс орны хэмжээнд аваачиж, солонгос хүмүүсийг үзэн ядуулах мэдээ мэдээллийг хиймээргүй байна. Маш болгоомжтой байхгүй бол хоёр орны найрамдалт харилцаанд, хөгжиж байгаа олон салбарын харилцаанд сөргөөр нөлөөлөхийг аль аль тал нь хүсэхгүй байгаа” гэв.