Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ-наас өгч байна. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Өнгөрсөн долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хэмжээ харьцангуй бага байсан нь цас орсонтой холбоотой гэж тайлбарллаа.
Түүхий нүүрс түлж байгаа айлууд байна гэсэн мэдээллүүд ирж байгаа тул ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын ажил эхлүүлжээ.
Мөн Улаанбаатараас орон нутаг руу 6300 ширхэг шуудай шахмал түлшийг тээвэрлэх зөрчил илрүүлсэн. Тиймээс хувь хүмүүс шахмал түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ЭХЯ, Тавантолгой түлш, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран хяналт шалгалтыг сайжруулсан байна. Энэ ажилд идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчдыг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулах аж.
Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэж оролдсон хоёр зөрчил илрүүлж, 10 тонн түүхий нүүрс хураан авч Амгалан дулааны станцад төвлөрүүлжээ.
Цаашдаа өндөрлөг, алслагдмал цэгүүдийн борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар тус хурлын үеэр мэдэгдлээ.