АНУ өнгөрсөн аравдугаар сард тус улсад ирэх бүх агаарын тээврийн зорчигчдоос 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ын шинжилгээний сөрөг хариу, эсвэл халдвар аваад эдгэрсэн болохыг нотлох бичиг баримтыг шаардах журам баталсан.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден өнгөрөгч долоо хоногт “Омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын тээврийн зорчигчдын шинжилгээний хариуны хүчинтэй хугацааг нэг өдөр буюу 24 цаг болгон өөрчлөв.
Энэ нь транзит нислэгээр АНУ руу зорчих иргэдийн хувьд ойлгомжгүй байдал, хүндрэл үүсгээд байгаа юм. Тухайлбал, манай улсаас АНУ-ын баруун эрэг рүү транзит нислэгээр зорчиход дунджаар 24-26 цаг, зүүн эрэг рүү зорчиход 22-24 цаг болдог. Шинжилгээний сөрөг хариуны хүчинтэй хугацаа нэг өдөр байх шаардлагын улмаас иргэд АНУ-ын хил дээрээс буцах зэргээр хохирох асуудал үүсэж болзошгүй юм. Тиймээс АНУ-д зорчих иргэд зайлшгүй анхаарал шаардлагатай дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
АНУ өнгөрсөн аравдугаар сарын 25-нд “COVID-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй гаднын улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
- Онгоцонд суухаасаа өмнө доод тал нь 14 хоногийн өмнө вакцины хоёр дахь тундаа хамрагдсан байх шаардлагатай.
- АНУ-д одоогоор зөвшөөрөгдсөн буюу зөвхөн “Johnson & Johnson”, “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Covaxin”, “Covishield”, “Sinopharm” болон “Sinovac” вакцинд хамрагдсан байх шаардлагатай.
- Вакцины гэрчилгээг дижитал эсвэл цаасан хэлбэрээр зайлшгүй биедээ авч явна. Вакцины гэрчилгээний дижитал хувилбарыг тухайн улсын албан ёсны мэдээллийн сан дахь дархлаажуулалтын бүртгэлээс үүсгэсэн байх бөгөөд мэдээллийг “QR” кодоор унших боломжтой байна. Жишээ нь, “E-Mongolia”-гаас татаж авсан вакцины гэрчилгээ нь Эрүүл мэндийн яамны албан ёсны дархлаажуулалтын бүртгэлээс үүсгэсэн бөгөөд гэрчилгээний зүүн доод буланд таны мэдээллийг баталгаажуулах “QR” код бий.
- Харин вакцины гэрчилгээг цаасан дээр хэвлэж авч яваа тохиолдолд Эрүүл мэндийн яам эсвэл Засгийн газрын бусад эрх бүхий байгууллагын нэр, вакцины тунд хамрагдсан огноо зайлшгүй байх шаардлагатай бөгөөд гэрчилгээ дээрх хувийн мэдээлэл таны гадаад паспортын мэдээлэлтэй тохирч байх ёстой.
- Хэрэв та коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бол сүүлийн 90 хоногийн дотор шинжилгээний эерэг хариу авсан болохыг нотлох болон тусгаарлагдаж, эдгэрсэн болохыг нотлох эрх бүхий байгууллагын албан ёсны бичиг баримтыг зайлшгүй биедээ авч явах шаардлагатай.
Ковидын шинжилгээний хүчинтэй байх хугацааг 24 цаг бус нэг өдөр гэж заасан. Магадгүй нэг өдөр гэж заасан нь эргэлзээ үүсгэж болзошгүй ч зорчигчдод илүү уян хатан байх зорилгоор 24 цаг гэж хатуу заахаас зайлсхийсэн байна. Өөрөөр хэлбэл, шинжилгээний хүчинтэй хугацаа гэдэг нь шинжилгээ өгснөөс хойш АНУ-ын хил дээр очих хүртэл хугацааг заагаагүй бөгөөд энэ нь шинжилгээ өгснөөс хойш онгоцонд суух хүртэлх хугацааг зааж байгаа аж. Мөн шинжилгээний хариу гарснаас хойш нэг өдөр бус шинжилгээ өгснөөс хойш нэг өдрийн хугацаа болохыг анхаарна уу.
Жишээ нь, хэрэв таны нислэг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны оройн 21:00 цагт хөөрөх бол та онгоцонд суухаасаа нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн аль ч үед “COVID-19”-ийн шинжилгээ өгч болох бөгөөд гол нь сөрөг хариу авсан байх шаардлагатай. Транзит нислэгээр зорчигчдод шаардлагатай бол нисэх онгоцны буудалд дээрх шинжилгээний цэгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.
Та “PCR” эсвэл АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид зөвшөөрсөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжтой. Хамгийн гол нь, шинжилгээг эрх бүхий лабораторид өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариун дээр шинжилгээ өгсөн огноо шаардлагад нийцэж байх ёстой бөгөөд таны хувийн мэдээлэл гадаад паспортын мэдээлэлтэй мөн тохирч байх ёстой.
Харин вакцины гэрчилгээ болон шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэх, эсвэл хүчингүй буюу хууль бус гэрчилгээ, шинжилгээний хариу үзүүлсэн тохиолдолд таныг онгоцонд нэвтрэх эсвэл АНУ-д нэвтрэхийг хориглох аж.
Хэрэв хүүхэдтэй зорчиж яваа бол 18-аас доош насны хүүхдээс вакцины гэрчилгээ шаардахгүй. Харин хоёр болон түүнээс дээш насны хүүхдүүд зайлшгүй багадаа нэг өдрийн өмнө шинжилгээний сөрөг хариу авсан байх шаардлагатай болохыг анхаараарай.
АНУ нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зайлшгүй амны хаалт зүүх журмыг 2022 оны гуравдугаар сарын 18 хүртэл сунгасан. Тиймээс АНУ руу зорчиж байгаа иргэд онгоцонд нислэгийн турш заавал амны хаалт зүүх шаардлагатай.
Эх сурвалж: CDC.gov, travel.state.gov