“Хүний эрхийн үндэсний форум-2021”-д Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр “Хүний эрх ба шүүх эрх мэдэл” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн үед хамгийн их санаа зовоож буй, өнөөдрийн бидний хэлэлцэж буй сэдэвтэй хамгийн хамааралтай асуудал бол шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ юм.
Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоол шийдвэр биелэлтийн түвшин харьцангуй хүлээн зөвшөөрөгдөхүйц байхад Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ хангалтгүй, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийнх маш хангалтгүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр, үндэслэл нь цаасан дээр байдаг бол биелэлт хэрэгжилт нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд тусдаг. Шүүх шударга ёсыг тогтоосон ч энэ нь биеллээ олохгүй бол зөвхөн цаасан дээр үлдэж, шүүгчийн нөр их хөдөлмөрөөр тогтохгүй, хууль сахиулагч, прокурорын хичээл зүтгэл бүгд талаар болно” гэлээ.
Мөн шүүхийг тойргийн болон дагналтын зарчмын зохистой тэнцвэрээр байгуулах нь иргэдэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, хүний нөөцөө зөв удирдах үндсэн нөхцөлийн нэг мөн” гэв.
Үүний зэрэгцээ шүүгч Ч.Хосбаяр гэмт хэргийн улмаас эрх нь хөндөгдсөн хохирогчийн эрхийг нөхөн сэргээх тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Тодруулбал “Хохирогчийн сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндийн хохирлыг барагдуулах арга механизмыг судалж, өөрийн улс орны нөхцөл байдалд тохирсон хохирлыг тогтоох арга зүй, хохирогчид үйлчлэх үйлчилгээ, нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа, хохирлыг барагдуулах санг багтаасан хохирогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, гэмт хэргээр хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээх тогтолцоог цогцоор нь бүрдүүлэхэд шүүх идэвхтэй оролцоно.
Юуны өмнө, эдийн бус хохирол, бие эрхтэн, амь насны үнэлгээг тогтоох аргачлал, арга зүйг боловсруулж, шүүхэд мөрдүүлэх арга хэмжээ авна.
Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний оршуулгын зардлыг төлснөөр, эд эрхтнээсээ хагацсан иргэнд протезын төлбөр гаргуулснаар хүний амь нас, эд эрхтний нөхөн төлбөр дуусаж, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцсоор байх нь шударга ёсонд яавч нийцэхгүй” гэв.
Түүнчлэн шүүхийн ачааллыг бууруулах байдлаар цаг зардал, техник хэрэгсэл, хүний нөөцийг шүүн таслан ажиллагааны чанарыг сайжруулахад төвлөрүүлэн, нэг иргэнд оногдох шүүхийн индексийг нэмэгдүүлэхийн тулд шүүх өөрийн идэвх санаачилгаас гадна төрийн дэмжлэг туслалцаа, тэр дундаа хэрэг маргааныг шийдвэрлэх шүүхийн бус ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах механизмын хэд хэдэн хувилбарыг хуульчлан тогтоох шаардлагатайг мөн дурдлаа.
2 comments
Архичин согтуу толгой
Ix l budilainii ezen dee