Манай улс Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль, эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Гэвч гэр бүлийн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа нь Хүний эрхийн үндэсний комиссоос 21 аймагт хийсэн судалгаанаас харагджээ.
Хуулийг анхан шатанд хэрэгжүүлэх нэгж болох Хамтарсан багуудад батлагдсан төсөв хангалтгүйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан өнөөдөр танилцуулсан илтгэлдээ дурдлаа.
Тэрбээр “2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гурван хүүхэд амиа алдсан. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал ч мөн тулгамдаж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд хийсэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цахим орчинд өнгөрүүлдэг дундаж хугацаа нь дөрвөн цаг байгаа нь олон улсад зохимжтой гэж үздэг хугацаанаас хоёр цагаар илүү байна.
Түүнчлэн цахим орчинд хүүхдийн эрхэд халдсан гэмт хэрэг 2012 онд 17 бүртгэгдсэн бол 2018 онд 279 болсон. Мөн Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвд цахим дарамттай холбоотой дуудлага 2016 онд 85 байсан бол ердөө хоёр жилийн дотор 229 болж өссөн” гэлээ.