Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн гэдгийг дурдав. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс” хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопэний нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэршүүлснийг дуулгахад таатай байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко “Улаанбаатар хот нэрт хөгжмийн зохиолч Фредерик Шопэний нэрэмжит гудамжтай болсноор хоёр орны харилцааны бэлэг тэмдэг боллоо” хэмээв. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулахад нийслэлтэй хамтран ажиллах саналтай байгаагаа онцоллоо.
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва бизнес форум зохион байгуулах ажлыг ихэд чухалчилж байна хэмээгээд “Улаанбаатар хөгжиж буй хот учир бизнесийн салбарт Польш Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхэд нийслэлийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах болно” гэв.
Уулзалтын үеэр талууд бизнес форум зохион байгуулахад хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцлоо хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.