Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэн “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриан дор зохион байгуулагдлаа.
Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Экспорт олон улсын худалдааны төвийн хамт олон зохион байгуулж байгаа юм.
Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагуудыг нэгэн доор цуглуулан гарц шийдлээ хэлэлцэн өнөөгийн тулгамдаж буй асуудалд бодитой дүгнэлт хийх нь арга хэмжээний үндсэн зорилго юм гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Оролцогчид “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлох, харилцан мэдээлэл солилцож, гадаад худалдааны тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байгаа юм байна.
Форумын хүрээнд Илтгэлүүд, Бизнес уулзалтууд мөн “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022, Хойд Америкт” арга хэмжээний танилцуулга болно. Мөн Форумын хүрээнд зохион байгуулагдах чухал арга хэмжээ бол “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” цахим үзэсгэлэн юм.
Тодруулбал WWW.EXPORTMONGOLIA.ORG цахим талбарт үзэсгэлэнг гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал асуулгын журмаар шалгаруулна. Шалгарсан экспортын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг “Монголын худалдаа хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022 – Xойд Aмерикт” арга хэмжээнд үзэсгэлэнгийн талбайн эрхээр шагнах юм. АНУ-д болдог энэ арга хэмжээнд өмнөх жилүүдэд оролцож байсан Монгол брендүүд олон улсын хөрөнгө оруулагчдаас томоохон хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан байдаг.
~Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүсвэл www.exportmongolia.org цахим хуудсанд хандах боломжтой~
Энэхүү форум нь Монгол Улсын эдийн засагт уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос орох орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний брэндийг гадаад зах зээлд гаргах, эх орноо гадаадад сурталчлах ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.