Америкийн албан ёсны төлөөлөгчид Хятадад болох өвлийн олимпийн наадамд оролцохгүй гэж Цагаан ордноос зарлажээ. АНУ-ын төлөөлөгчид Хятадын төр засгийг баруун мужийнхаа угсаатны цөөнхөд геноцидын бодлого явуулдаг гэж үзсэнийг ABC News мэдээлжээ.
Дипломат бойкотод Америкийн тамирчдыг наадамд оролцохыг зөвшөөрч байна. Харин АНУ-ын албан ёсны удирдлагууд л Хятадын нийслэлд очихгүй.
Үүний хариу болгон БНХАУ-ын засаг захиргаа хариу арга хэмжээ авахаа зарлаж, Байдены захиргааны шийдвэрийг шүүмжилсэн аж. Тус улсын төр засаг олимпийг улс төрийн шоуны талбар болох ёсгүй гэжээ.
АНУ Бээжин рүү явахаас татгалзсанаа Шинжаан-Уйгурын өөртөө засах бүсэд угсаатны цөөнхийг хяхан хавчдагтай холбон тайлбарлаж байгаа юм. Хятадад 1 сая уйгур угсаатныг хорьдог олон тооны лагерь үйл ажиллагаа явуулж байна гэжээ. Уйгур эмэгтэйчүүд, лалын шашинт угсаатны цөөнхийн төлөөлөгчдийг хүчээр савыг нь авах кампанит ажил явуулдаг аж. АНУ Хятадын бодлогыг үндэстний цөөнхийн геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг байна.
“Бид гэрээсээ Олимпийн шигшээ багаа 100% дэмжих болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн аж. Ерөнхийлөгчийн засаг захиргаа тамирчдаа наадамд оролцох боломжийг нь хаан боогдуулахгүй байх зөв шийдвэр гаргасан гэжээ.
АНУ холбоотнуудтайгаа бойкотын асуудлаар зөвлөлдөж байгаа гэсэн боловч одоогоор тус улсаас өөр ямар ч улс ийм дипломат бойкот зарлаагүй байгаа юм. Гэхдээ Австрали, Канад, Их Британи улс ийм боломжийг авч хэлэлцэж байна.
Олимпод тамирчидтай хамт улс орнуудын эрх бүхий хүмүүст дагалдан явдаг нь эртний уламжлал. Энэ зун л гэхэд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Японд болсон зуны олимпоор Америкийн төлөөлөгчдийг тэргүүлэн явсан билээ.
Эх сурвалж: FOCUS