МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр хуралдаж дуусна. Энэ удаагийн Их хурлаар арван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бол 13.00 цагийн байдлаар 9 асуудлыг хэлэлцсэн, хурлаар хэлэлцэх ёстой асуудлынхаа 90 хувийг хэлэлцэж дууссан гэж МАН-ын Их хурлыг зохион байгуулах баг мэдэгдлээ.
Өчигдөр үдээс хойш Их хурлаар МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. МАН-ын даргаар одоо намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргыг 99.67 хувийн саналаар намын даргаа сонголоо. Ингэснээр МАН-ын 30 дахь Их хурлаас сонгогдож байгаа 30 дахь дарга болж байна.
Энэ удаагийн их хурлаар МАН намын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэлд дурдсан эдийн засгийг сэргээх 6 чиглэлийг багтаасан Шинэ сэргэлтийн бодлогын талаар тогтоол зэрэг хэд хэдэн тогтоолыг баталжээ.
Мөн ЕНБД Д.Амарбаясгалангийн илтгэлд дурдсан МАН-ын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэн баталжээ. Өчигдөр Д.Амарбаясгалан намын Их хурлын төлөөлөгчдөдөө намын дүрэмд орж байгаа өөрчлөлтийг танилцуулах үеэрээ МАН аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулахаар тусгаж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Өнөөдөр 30 дахь Их хурлын зохион байгуулагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд хэвлэлийн хурал хийхдээ намын дүрэмд орж байгаа энэ өөрчлөлтийг танилцуулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа гишүүд МАН-ын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзана.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлэх болсон тухайгаа мэдэгдлээ.
Мөн МАН авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулж, нийт гишүүдийн идэвх оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ.
Намын үйл ажиллгааны санхүүгийн эх үүсвэр, түүний зарцуулалт болон сонгуулийн хандив, санхүүжилтийн өгөгдөл мэдээллийг олон нийтэд ил тод, болгож нийт сонгогч иргэддээ тайлагнадаг шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.
Авлигын эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийт гишүүдэд зохион байгуулах, хяналт-шинжилгээ мониторинг хийх намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулахаа мэдэгдэж байна.