Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого улс даяар эхэллээ. Тооллого энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг.
Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
2020 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 67.1 сая толгойд хүрсэн бөгөөд нийт малын тоонд хонин сүргийн эзлэх хувь хамгийн өндөр буюу 44.8 хувийг эзэлж байгаа бол тэмээ хамгийн бага буюу 0.7 хувийг эзэлж байна.