Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.
Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ гэж АТГ-аас мэдээлэв.