МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дөнгөж сая итгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий. МАН цаашид авлига, хүнл сурталтай тэмцэх болно.
Тухайлбал, авлигын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдэгдсэн болон ёс зүйн зөрчил гаргасан хүнд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусгаж хэрэгжүүлнэ. Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулна гэдгийг онцолж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээс: Авилга, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, дундаж давхаргыг өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэн бүрдээ хүртээх, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байна.
Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авилгачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй.
Тийм учраас Монгол Ардын Нам удаа дараагийн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрүүддээ “Шударга ёсны засаглал”, “Цахим Монгол-хүнд сурталгүй төрийн үйлчилгээ”, “Мэргэшсэн өндөр ёс зүйтэй төрийн алба”, “Шударга-хараат бус шүүх”-ийн асуудлаар дэвшил хийнэ гэдгээ ард түмэндээ амласан.
Бид 2020 оны УИХ-ын сонгуульд “Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий..” гэж амласныг ард иргэд маань үргэлж сануулан нэхэж байна.
Тийм учраас ард түмэндээ амласан шударга ёсны засаглал бий болгох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хуульчид, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан, өргөн хүрээтэй судалгаа хийж, “Авилгын эсрэг дэвшилтэт бодлого”-оо та бүхэнд танилцуулж байна.
Монгол Ардын Нам авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг дараах зарчмаар тэмцэнэ.Үүнд:
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ.
- Намын зүгээс авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулж, нийт гишүүдийн идэвх оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ.
- Намын үйл ажиллгааны санхүүгийн эх үүсвэр, түүний зарцуулалт болон сонгуулийн хандив, санхүүжилтийн өгөгдөл мэдээллийг олон нийтэд ил тод, болгож нийт сонгогч иргэддээ тайлагнадаг шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.
- Авлигын эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийт гишүүдэд зохион байгуулах, хяналт-шинжилгээ мониторинг хийх намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулна.
Энэ бүхний үр дүнд иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид улс төрийн намын хэв маягийг Монгол Ардын Нам манлайлан бий болгох юм.