МАН-ын XXX Их хурал дээр тавьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Шинэ сэргэлтийн бодлогоос хэсэгчлэн хүргэж байна.
Хот хөдөөгийн сэргэлт
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт бус байдал нь бидний хөгжлийг боомилж буй томоохон хүчин зүйл болж байна
Одоогийн байдал: Орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн жилд дунджаар 15 мянга болж нэмэгджээ. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж хотын насанд хүрсэн 2 тутмын нэг нь автомашинтай байна. Улаанбаатар хотын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2,5 цаг зарцуулдаг.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Хотын төвлөрлийг багасгана гэдэг бол хөдөөгийн хөгжлийг хангах шийдэл юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн томоохон төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно.
Хөдөө орон нутагт:
- Төв аймгийг нийслэл хоттой уялдуулан хөгжүүлэх,
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Дорнод Монголын эдийн засгийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс,
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн бүс,
- Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс,
- Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг сэргээгдэх эрчим хүч болон өвлийн аялал жуулчлалын бүс,
- Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийг эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн бүс болгох,
Улаанбаатар хотод:
- Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулж, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
- Нийслэл хотын авто замын сүлжээг өргөжүүлэх, хотын дэд төвүүдийг барьж байгуулах, орц гарцын тоог нэмэгдүүлэх
- Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барих
- Замын хөдөлгөөний ухаалаг системийг бий болгох
- Нийтийн тээврийн парк шинэчлэл
- Тулгуурт гүүр бүхий хөнгөн галт тэргийн байгууламжийг 3 чиглэлд 41км зайд барихаар төлөвлөж байна