“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагтай холбоотой чухал хэлэлцүүлэг өрнөж байна. Миний хувьд УИХ-ын гишүүнээс бууж, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Хотыг удирдаж эхлэх үеэс олон талын шүүмжлэл дагуулсан ч тэр бүгдийг эергээр хүлээн авч байсан. Би Улаанбаатар хотын унаган иргэний хувьд хотынхоо хөгжилд байнга санаа зовж явдаг.
Дэлхийн олон хотод тэмцээн уралдаан, бизнес хамтын ажиллагаанд оролцож явахдаа манай хот дэлхийн хотуудын жишигт хэзээ хүрч хөгжих бол, хөгжихгүй байгаа шалтгаан нь юу юм бол бидэнд хөгжлийн бололцоо боломж нь яагаад ирэхгүй байгаа тухайд байнга бодож, бусадтай санал бодлоо солилцдог байсан. Тиймээс ч би Хотын дарга болох шийдвэр гаргасан.
Миний тэрхүү шийдвэрийг улс төрийн хүрээнийхэн стандарт бус шийдвэр гэж ярьдаг. Магад стандарт бус шийдвэр мөн. Гэхдээ Улаанбаатар хотын МАН-ын хорооны даргын хувьд, нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн олонхын саналыг авсны хувьд Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх олон чухал ажлыг бусдад даатгаад явна гэдэг онц санагдаагүй.
Улс төрийн намууд мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд оролцдог. Иргэд ч тэрхүү мөрийн хөтөлбөрийг харж байгаад итгэл хүлээлгэн сонгодог. Тэгэхээр бид үүрч байгаа ачаанаас бултаж, зугтаж болохгүй юм.
Хоёрдугаарт, Монгол Ардын нам УИХ-д 62 суудал авсан. Нийслэлийн ИТХ-д 34 суудал буюу 74.5 хувийн санал авсан. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай бэлдэж, бүх шатанд МАН олонх болсон. Засаг бариад гараад ирвэл Улаанбаатар хотод тулгамдаж буй шийдэх ёстой асуудлыг богино хугацаанд ч болов зөв шийдэл, суурийг нь өөрчлөөд, эдийн засгийг чадамж, ажлын байрыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлье гэсэн бодлогоор энэ албан тушаалд орж ирсэн. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг буруу, зөрүү зүйл огтоос байхгүй.
-Хотын даргын албанд ажилласан хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн тодорхойлж байна вэ?
– Ажлаа хүлээж авсан цагаас Ковид-19 цар тахалтай нүүр тулж, есөн дүүргийн дарга, нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар, 103 удирдах албан тушаалтан болон 48 мянган төрийн албан хаагчдыг ахалж, манлайлж, хамтран ажиллалаа.
Хатууд нь хатуу, зөөлөнд нь зөөлөн байхыг хичээж ирлээ. Өнгөрсөн хугацаанд бид гол суурь бодлогоо засаж авсан. Нэгжийн хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль болон дагалдах 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг тун удахгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна. Хуульд Улаанбаатар хот анх удаа өөрийн гэсэн дүрэм, стандарттай байхаар заасан. Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот эрхзүйн шинэ зохицуулалт, шинэ стандарт, дүрэм журмаар ажил, амьдралаа зохицуулна. Хотын иргэд маань энэ бүхнийг дэмжих байх. Одоо бид хийж харуулах ёстой.
Хөрөнгө санхүүгийн хувьд ч бие даан ажиллах боломж нээгдсэн. Бонд, үнэт цаас гаргах, концесс явуулах, гадаадын эх үүсвэр татах ажлуудыг хийхээр Сангийн яамтайгаа зөвшилцөж ярилцсан. Төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотод зориулах тухай Засгийн газрын шийдвэрт гадаадын санхүүгийн байгууллагууд нэмэх оноо өгсөн. Энэ шийдэл өөрөө гаднын эх үүсвэр татах, уриалан дуудсан сайн шийдэл болсон.
– Яг одоо хийж буй онцлог ажлаасаа нэрлэ гэвэл юуг онцлох вэ?
-Гүүрэн байгууламж бүхий хурдны галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах ажил ид дундаа явж байна. Эхний ээлжид бид Нисэхээс Яармагийн гүүр, Хан-Уул дүүргийн араар Гэгээнтэн, 26 дугаар хороо, Бага тойруу гэсэн чиглэлтэй 16 км-ийн трассыг байгуулахаар шаргуу ажиллаж байгаа. Мэргэжлийн түвшний улсууд ирсэн.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын тойрог хурдны зам байгаа юм. Гурван эгнээтэй, 71.5 км замын техник эдийн засгийн урьдчилсан тооцооллыг хийж байна. Манай Улаанбаатар аюул осол аваар гарахад эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн.
Сүүлийн үед газар хөдлөлт ойр ойрхон мэдрэгдэх болсон. Тиймээс бид аюулгүйн гарцуудыг бий болгох, төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хотод шилжих бодлого барьж байгаа. Энэ бүхний шийдэл гарц нь хурдны зам байх юм.
Такси үйлчилгээг шинээр нэвтрүүлэх, дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлт гээд хийж хэрэгжүүлэх олон ажил бий. 500 автобусны парк шинэчлэлийг ирэх оны төсөвт суулгаж өгсөн. Төсөв батлагдсаны дараагаар тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах, ажлын эрэмбэ дараалал батлах юм.
-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь хамгийн том тулгамдсан асуудал. LRT төсөл дээр нийслэл хэрхэн манлайлж оролцох вэ. Том асуудалд том зургаар тэмцэхээр зорьж байна гэж ойлгож байгаа?
-LRT төсөл дээр бүх хүчээрээ орно. Боломжтой бүх санхүүжилтийн эх үүсвэрийг татахаар бэлдэж байгаа. Дараагийн хийх зүйл бол гэр хорооллын дундуур хурдны замыг барьж, Толгойт, Сэлбэ, Хайлааст, Баянхошуу, Улиастай дэд төвүүдийг байгуулж байж төвлөрлийг сааруулна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын түвшинд яригдах зүйл бас бий. Улаанбаатар хотын хүн ам жил тутам 35 мянгаар нэмэгдэж байна.
Дараагийн нэг анхаарал татаж буй зүйл бол Монгол Улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгсэл. Улсын хэмжээнд жилд 90 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаагийн 70 мянга нь Улаанбаатар хотод байна.
Жилд нэмэгдэж буй 70 мянган тээврийн хэрэгслийн хурдаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах боломжгүй. Нөгөө талдаа нийтийн тээврийн сонголтыг ард иргэдэд өгөх хэрэгтэй. Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, стандартын дагуу 4-5 мянган такси оруулж ирэх ёстой. Цахилгаан дугуй мөн байх ёстой.
Парк шинэчлэл буюу дулаан, ая тухтай, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай иргэд саадгүй зорчдог 500-600 автобус байх ёстой. Дараагийн бидний яриад байгаа зүйл бол LRT буюу хөнгөн галт тэрэг. Үүгээр нийтийн тээврийн цоо шинэ соёлыг нэвтрүүлэх гэж байна. Тиймээс манай хотод явах гэж буй хөнгөн галт тэргийг 5-10 жилийн настай битгий байгаасай гэж бодож байна. Яагаад гэвэл бидний үр хүүхдүүд амьдарна. Тийм учраас дор хаяж 70-100 жил явах чанартай хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх бодолтой ажиллаж байна.
– LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх нь оновчтой эсэхийг нарийн судалсан уу?
– Манайх өвөлдөө -40 хүрнэ, зундаа +40 хэм хүрнэ. Тиймээс байгаль, цаг уурын онцлогтоо тохирсон элэгдэл, хоргодол, эд ангийн чанарыг сайн тооцоолохгүй бол болохгүй. ЖАЙКА энэ тал дээр маш сайн зөвлөж байгаа. ЖАЙКА 2003 оноос хойш метроны ажилд идэвхтэй оролцсон.
ЖАЙКА-гийн метроны салбарт мэргэшсэн 70 орчим насны, нэлээн туршлагатай инженер байдаг. Тэр инженер нийслэл Улаанбаатар хотод нэвтрүүлэхэд резинин дугуйтай байж болохгүй, мөн зай хураагуур буюу батарейтай байж болохгүй гэж зөвлөсөн. Тиймээс цахилгаанаар явах зохицуулалттай байх хэрэгтэй. Насжилтаа бодсон ч, аюулгүй байдлаа бодсон ч хөнгөн галт тэрэг бол зөв шийдэл. Төсөвт өртгийг гаргахдаа Вьетнамд тавьсан тооцооллыг жишиг болгосон. Тэнд мэргэжлийн хүмүүс хамгийн урт метро, төмөр зам тавьжээ. Гэхдээ Монголын хөрс илүү хатуу, газар чөлөөлөхөд бэрхшээлтэй. Гол удсан шалтгаан нь газар чөлөөлөлт.
Хоёрдугаарт, явцын дунд захиалгаа өөрчилдөг. Энэ хоёроос болж хугацаа алдаж байна. Түүнээс биш яг шийдлээ гаргачихвал 24 сарын дотор барьж байгуулна гэсэн бодитой тоог хэлж байна. Тиймээс холбогдох мэргэжилтнүүд болон зөвлөх үйлчилгээ авч буй ЖАЙКА-тай өдөр бүр шахуу уулзалт хийж, хөнгөн галт тэргийг богино хугацаанд оруулж ирэхээр бэлдэж байна. Бид геологи, хайгуулын судалгаа, ус, хөрсний судалгаа хийнэ. ТЭЗҮ нарийвчлан судалж, урьдчилсан байдлаар гаргана. Мөн галт тэргээ захиалж, доод төмөр бетон, хийцэд хэдий хэмжээний өртөг орох гэх мэтийг тооцож гаргана. Ер нь километр нь 25-30 сая доллар, 45-50 сая доллар гэхчлэн хийцээсээ шалтгаалсан үнэлгээтэй байдаг юм байна. Тиймээс бид судалж байна. Хамгийн чанартай, болж өгвөл хамгийн бага өртөгтэйг нэвтрүүлэх бодолтой байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтүүд гарч байгаа. Мөрийн хөтөлбөр гэдэг бол улс төрийн намын гол барих ажил мөн. Юу амласан, түүнийгээ хийх ёстой. Энэ бол маш энгийн ойлголт. Нөгөө талдаа улсын хөгжлийн бодлоготой уялдуулах хэрэгтэй.
Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын Үндсэн хууль. Энэ Үндсэн хууль буюу 2040 гэдэг бодлого, төлөвлөлтийг зөрчиж болохгүй. Тиймээс үүнтэй уялдуулсан байдлаар хотын хөгжлийн төлөвлөлт, бодлогыг тодорхойлно. Бүх зүйл цаасан дээр буучихсан явж байгаа. Тухайлбал, төлөвлөлт, хүн амын нягтаршил, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллага, сургуулиуд гэх мэтчилэн.
Бидэнд гүүрэн байгууламжийн тоог нэмэгдүүлэх шаардлага асар их байгаа. Маш их хөрөнгө мөнгө хотод хэрэгтэй. Үүнийг хотын бүтээн байгуулалтад өөрсдийн хүрээлэн байгаа орчныхоо амьдралын чанарыг сайжруулахын төлөө зориулах ёстой. Үүнийг хүний төлөө гэсэн сэтгэлээр хийх ёсгүй. Миний нийслэл, миний хот, таны хот учир энэ хотын бүтээн байгуулалт бол маш чанартай, богино хугацаанд, гүйцэтгэл сайтай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Алс ирээдүйд сайхан болно гэсэн төсөөлөл бодитоор бий болж байна. Учир нь бид эрх зүйгээ нээсэн. Бид санхүүгийн боломж бололцоог нээж чадсандаа нүүр бардам эдгээр тоо, төлөвлөлт, төсөл хөтөлбөрүүдийг хэлж байна. Үүнд Засгийн газрын суурь дэмжлэг ямагт байна.
Ялангуяа Улаанбаатар хотод онцгойлон анхаарч байна. Залуу хүнийхээ хувьд зоригтой гаргаж байгаа шийдвэрүүд дээр Ерөнхий сайдад маш талархаж явдаг. Өмнө нь түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулж, түгжрэлийн асуудал руу орж байсан Ерөнхий сайд байхгүй. Түгжрэл гэдэг бол зугтаах зүйл биш. Бодлого, төлөвлөгөөг зөв гаргаад зохион байгуулалтад яаралтай ороод шийдэхэд заавал шийдэгдэнэ. Боломжгүй зүйл гэж байхгүй.
Бид зохион байгуулалтад орох ёстой. Гэхдээ ард иргэдтэй ярилцаж, тэднийгээ сонсож, судалгаа авах ёстой. Бид эхний ээлжид захиргааны ганц нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд байна. Үүнийг бид хэлэлцэж байгаад шийдвэрийн түвшинд гаргана.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ хууль хэрэгжээд эхлэг. Тэр хугацаанд тендерийн хороо маань байгуулагдана. Урьдчилсан ТЭЗҮ, оны эцсийн гүйцэтгэлийн статистик тоо гараад ирэг. Цар тахлын өмнө болон цар тахалтай үед хэдий хэмжээний авто машин орж ирж байсан юм. Энэ бүхэнд суурилж, цаашдын зураглал гарна.
– Бүтээн байгуулалтын томоохон ажлуудын зураг төсөл, статистикийн багт ямар хүмүүс ажиллах вэ?
-Зам гүүрний төслийн баг болон Улаанбаатар хотын зураг төслийн хүрээлэн зэрэг олон баг ажиллаж байгаа. Монгол Улсын нийслэлийн архитектурыг шинэчлэн гаргах гэж байна шүү дээ. Тиймээс бид гадаадаас туршлагатай баг урих бодолтой байгаа.
Жишээ нь, Бээжин хотын архитектурыг германчууд, Астана хот, Сингапурын архитектурыг япончууд төлөвлөсөн байдаг. Энэ хоёр улсаас чадварлаг инженер, архитектурыг урина.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
3 comments
Би 1995 онд хотод шилжиж ирэхдээ 50000 к төлж байсан
Маш зөв. Шилжих хөдөлгөөнийг хязгаарлах бодлого хэрэгтэй. Соц. үед шилжих хөдөлгөөнд хяналт тавьж түр ирж буй хүмүүст “зам явах” /виз/олгодог байсан.
Өлөн өссөн хүн үхтэлээ өлөн л байх. Муу сурлагтан үргэлж хуулсаар ирсэн. Хөгширсөн ч хуулсаар л байх юм даа. Хужаагаас хуулах гээд байгаа бол арай улсдаа хэрэгтэй зүйлсийг нь хуулаач. Иргэдийн кармаанд бузар гараа шургуулах биш. Харин бузар гарт, шуналт сэтгэлтэнгүүдээс нийгмээ цэвэрлэх юмсан. Энүүнээс ч ЭХ ОРОНЧ үзэл даанч гарахгүй л дээ. Сонгуулийн сүлжээний хуулийг өөрчилж байж л энэ мэт олиггүй бэрдүүдээс салах байх даа.