Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын захиргаа, Монголын Улаанбаатар төмөр зам, АТҮТ оролцсон ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хуралдаж ням гарагаас эхлэн Замын-Үүдэд ажиллаж байгаа аж. Хятадын талаас дундын бүсэд чингэлгийн талбайг байгуулсан бөгөөд манай улсад хилийн боомтуудынхаа халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж ногоон бүс болгоод өгөөч гэдэг хүсэлт тавиад байгаа гэнэ.
Чингэлгийн хувьд хүн хоорондын шууд харилцааг хязгаарлаж байгаа ба Эрээнд байгаа ачааг хятад талаас ачаад дундын бүс дээр үдээс өмнө буулгачихаад буцна. Харин үдээс хойш монгол жолооч нар ороод дундын бүсээс буулгасан чингэлгүүдийг ачаад Замын-Үүд дээр гаалийн бүрдүүлэлтээ хийснээр Улаанбаатар руу шууд тээвэрлэлт хийх юм байна.
Чингэлгээ машинаас буулгах, ачих техникийн хувьд түрээсийн хоёр палмар Замын-Үүдэд орж ирсний нэгийг нь дундын бүсэд, нөгөөхийг нь бүс нутгийн логистикийн төв дээр ажиллуулах аж. Эхний ээлжинд өдөрт хоёр тал 50 чингэлэг солилцохоор тооцож байгаа юм байна.
Чингэлгийн хүртээмжийн асуудал дээр санаа зовох зүйлгүй бөгөөд өдөрт 50-100 чингэлэг орж ирэхэд ямар нэг асуудалгүй байна. Мөн Аж ахуй нэгжүүдийн нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүн, амархан гэмтдэг, хөлддөг ачаанд зориулсан 40 орчим тогтмол дулаантай чингэлэг бэлджээ.