Өнөөдөр /2021.12.01/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд Оюу толгойн хэлэлцээний явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр уг хэлэлцээний оролцогч тал болох Монголын Засгийн газрын ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Оюу толгойн далд уурхайн нэмэгдэл санхүүжилтийг 75 сая ам.доллараар баталсан сүүлийн ТУЗ-ийн хуралд манай Засгийн газрын төлөөлөл болох гурван гишүүн оролцоогүй.
Хэлэлцээ үргэлжилж байгаа. Өнгөрсөн ням гарагт “Туркоиз Хилл Ресурсес” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд нарын хүмүүстэй уулзсан. Энэ үеэр хөрөнгө оруулагч талыг бидэнд тавьсан саналаа албажуулж өгөөч. Ингэвэл саналуудыг УИХ-ын түр хороонд танилцуулж, улс төрийн шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Мөн хэлэлцээний асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн болон УИХ-ын 92-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн чиглэл байгаа. Энэ хүрээндээ бид:
- Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийг өнөөгийн ханшаар нь 100 хувь тэглүүлэх
- Ноогдол ашиг хүртэх хугацааг наашлуулах
- Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох
- Засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар санал тавьж байгаа.
Жишээлбэл, “Эрдэнэс Оюу толгой” компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш зардлаа өөрсдөө санхүүжүүлж, “Эрдэнэс Монгол” компани дээр өр бичүүлж яваа. Гэтэл “Оюу толгой” төсөлд менежмент хийж буй гэдэг утгаараа тус төслөөс тодорхой хэмжээнд санхүүжих ёстой, гэх мэт асуудлаар ойлголцолд хүрэх шатандаа явж байна” гэлээ.
1 comment
Ubn.mn site, 2021.12.01; 16.23tsag Нямбаатар сайдаа, яриад байгаа чинь үнэн юм уу?. 1. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэгдэх баримт бичгээр Риогийн авсан 5.34 тэрбум ам.долларыг хүчингүй болгох юм байна. 2. Монголын 34%, 2.3 тэрбум тэглэгдэнэ гэж ойлголоо. Энэ тохиролцооны дараа ОТ төсөлд оруулсан гэх (15.0-5.34-2.3)=7.36 тэрбум үлдэхнээ?. Энэ нь Хөрөнгө оруулагч ЗГ-тай ХөОГ-ээр тохирсон 4.4 тэрбумаас (7.36-4.4)=2.96 тэрбумын хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгчийг ЗГ зөвшөөрч байна гэж ойлгогдож байна. Эрхэм сайдаа зөв үү?. Энэ тохиолдолд ЗГ хэдэн оноос орлогын татвар, ногдол ашиг авах вэ? ард түмэндээ ил тод, буруугүй зөв хэлж өгөхийг Танаас хүсье.