2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар холбогдох албан тушаалтан мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Уг цогцолборт байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-н гэхэд талбайгаа чөлөөлсөн. Эмнэлэг байсантай холбогдуулан ариутгал халдваргүйтгэлийг хийчихсэн.
Барилгын гүйцэтгэх компанитай уулзаж, нэмэлт засваруудыг хийлгэхээр болсон. Ингээд арванхоёрдугаар сарын 10-н гэхэд Улсын комисс хүлээж авахаар ажиллахаар болж байгаа. Байрны бэлтгэл хийгдэж байна.
Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна” гэв.