Нидерландын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн (RIVM) Өмнөд Африкаас Нидерландад ирсэн 13 хүнээс коронавирусын Омикрон омог илрүүлсэн тухайгаа мэдэгджээ.
Арваннэгдүгээр сарын 26-нд Өмнөд Африкаас ирсэн 624 зорчигч Схипхол нисэх онгоцны буудалд коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд 61 хүний шинжилгээ эерэг гарсан байна. Коронавирусын халдвартай хэмээн оношлогдсон хүмүүсийн шинжилгээг ахиулан судалж, COVID-19 халдварын хувилбарыг тодорхойлохын тулд дээжийг RIVM-д нэмэлт судалгаанд явуулсан бөгөөд тэдний 13-аас шинэ Омикрон хувилбар илэрсэн гэж хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ.
Шинжилгээ, судалгааны үр дүн хараахан дуусаагүй бөгөөд Өмнөд Африкийн нислэгээр ирсэн өөр олон тооны зорчигчдоос шинэ омог илэрч болзошгүйг тус хүрээлэн үгүйсгээгүй байна.
Баасан гарагт Нидерландын Схихол нисэх онгоцны буудалд Өмнөд Африкаас хоёр нислэг ирсэн байна. Зорчигчдыг нисэх онгоцны буудалд шөнө дөл болтол байлгаж, бүгдээс нь коронавирусын PCR шинжилгээ авч, шинжилгээний дүн гарах хүртэл хүлээлтэд байлгажээ.
ДЭМБ өнгөрсөн Баасан гаригт яаралтай хуралдаж Өмнөд Африкт олдсон коронавирусын шинэ хувилбарыг түгшүүр төрүүлж буй ангилалд оруулахаар шийдсэн юм. Шинэ омог – B.1.1.529 -г ДЭМБ-аас Грекийн Оmicron хэмээн нэрлээд байгаа.
Өмнө нь Их Британийн эрдэмтэд 32 мутаци агуулсан коронавирусын шинэ омог Ботсванад гарч ирснийг анхааруулж байсан юм. Шинэ мутаци нь дамжин халдварлах чадамж өндөртэй, вакцинд тэсвэртэй, COVID-19 халдварын бусад хувилбаруудаас илүү уургийн баяжуулалтын өөрчлөлттэй байгаа талаар эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.
Харин Өмнөд Африкийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн шинэ омог нь Өмнөд Африкт илэрснээс хойш одоогийн байдлаар 22 тохиолдол бүртгэгдсэн байгаа талаар мэдэгдээд байна.