Онцгой байдлын ерөнхий газрын даргын шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-21.3” сургалтыг Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 69 алба хаагч хамрагдсан юм.
Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцаж, “Цэргийн тангараг”- аа өргөж, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.
Тус ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцал, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, сургалтад хамрагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
1 comment
Амжилт