Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Баасан гаригт Польштой хиллэдэг Брузги шалган нэвтрүүлэх боомтын ойролцоох дүрвэгсэд байршиж байгаа ложистикийн төвд очсон талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв. Лукашенко төвийн хүнс түгээх цэгийг шалгаж, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзсан байна.
Энэ оны 8-10 дугаар сард Польш руу дүрвэх, хууль бусаар хил нэвтрэх гэсэн 28.5 мянга гаруй оролдлого бүртгэгдсэн бөгөөд наймдугаар сард 3.5, есдүгээр сард 7.7, аравдугаар сард ойролцоогоор 17.3 мянган тохиолдол бүртгэгджээ.
Энэ жил голдуу Иракаас ирсэн хэдэн мянган цагаач иргэд Беларусийн хилээр Литва, Латви, Польш руу нэвтэрсэн бол Литва, Польш улсад цагаачдын хямралын улмаас хил дээр онц байдал тогтоож, өргөст тор босгон хилийн хамгаалалтыг бэхжүүлж эхэлсэн юм.
Энэ сарын 8-нд Ойрхи Дорнодын хэдэн мянган цагаачид Европын холбоо руу нүүхээр Беларусийн хил дээр цугларсан нь Беларусь, Польшийн хилийн нөхцөл байдлыг ээдрээтэй болгоод байгаа. Польшийн эрх баригчид болж буй үйл явдлыг хилийн хямрал эхэлснээс хойшхи хамгийн хэцүү үе гэж тодорхойлсон юм.
Эх сурвалж: Interfax