Сурагчдын “Үдийн хоол” хөтөлбөртэй холбоотой мэдээллүүд цахим орчинд цацагдаад байгаа билээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулахын төлөө бүх боломжоо дайчилж ажиллана. Хэрвээ би хүүхдүүдийн эсрэг төсөв батлуулсан бол хариуцлагаа хүлээнэ. Би сайдын сандал ширээтэй зууралдах гэж энэ ажлыг аваагүй.
ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөр 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд хэрэгжиж байгаа. Улсын хэмжээнд 600 ЕБС-ийн үдийн хоолны чанарыг сайжруулж, стандартын гал тогтоотой болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй. 2022 оны Улсын төсөвт сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж БШУЯ-аас 6 тэрбум төгрөг зориулна. Энэ мөнгөөр бид нилээд олон сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Төсөв гэхгүйгээр өөр ч эх үүсвэрээс ч дахиж мөнгө олж тавина.
Хүүхдүүддээ түрээсийн гуанзны хоол идүүлэхгүйн тулд хэрэгтэй 40 тэрбумыг жил жилийн төсөвт заавал тусгуулж явна гэдгээ хэлье. Хэрвээ би төсвийн алдаа гаргасан бол, хүүхдүүдийнхээ эсрэг зүйл хийсэн бол ямар ч асуудалгүй хариуцлагаа хүлээгээд явна. Сайдын сандал суудалтай зууралдах гэж би энэ салбарт ирээгүй” гэлээ.