УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзжээ.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хатагтай дэд маршалын энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр энэхүү айлчлал Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, манай хоёр орны улс төрийн идэвхтэй харилцааны үндсэн дээр тулгуурлан бусад салбар тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хугацаанд Өвөрхангай аймгийн “Хархорум” музейд байрлах Бэнэдикт Полакийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хоёр талын уулзалт хийсэн талаар танилцуулав. Түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг дахин нээхээр болсон нь манай хоёр орны найрсаг харилцаанд түлхэц өгөх томоохон үйл явдал болж байна гэлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдэгт хатагтай М.Гошевскатай санал нэг байгаагаа хэлэв. Тэрбээр, Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр шийдвэрлэсний үр дүнд, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэж, үүний дотор геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Үүнд Элчин сайд ноён К.Бойко идэвх санаачилгатай ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэв.
Түүнчлэн хоёр улс хоорондын худалдааны эргэлт 50 орчим сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт гээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг тэнцвэржүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Мөн Польш Улсын Засгийн газраас монгол залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буйд талархал илэрхийлээд хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Тэрбээр үргэлжлүүлэн ногоон хөгжлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж ажилладаг тус улсын туршлагыг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан айлчлалын бүрэлдэхүүнд Польш Улсын “КГХМ” төрийн өмчит компанийн төлөөлөл багтсан болохыг онцолж, төлөөлөгчид уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан талаар дурдав. Тэрбээр, 44 сая тонн зэсийн баяжмалын нөөцтэй “Оюу толгой” орд нь “Эрдэнэт” уурхайгаас зургаа дахин том орд газар.
“КГХМ” компанитай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Үүнд, гадаад улсын байгууллага, аж ахуйн нэгжтэй далд уурхайн чиглэлээр хамтран ажиллах, мөн уул уурхайн олборлолтыг дагасан боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана гэлээ.
Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахаас өмнө “Оюу толгой” орд ашиглалтын гэрээний талаар мэдээлэл авсан болохыг дурдаад “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио нар геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулах болно гэв.
Анх 2008 онд Монгол Улсад айлчилж байсан “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв Монгол Улсад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд уул уурхайн технологи, инженер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.
БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, шинэ технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Польшийн талаас БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.